“Эх орон-Ардчилал” эвсэл Сонгуулийн Ерөнхий хороог шүүхэд өгөхөө мэдэгдэв (2004.05.25)

A- A A+
“Эх орон-Ардчилал” эвсэл Сонгуулийн Ерөнхий хороог шүүхэд өгөхөө мэдэгдэв (2004.05.25)

“Эх орон-Ардчилал” эвсэл Сонгуулийн Ерөнхий хороог шүүхэд өгөхөө мэдэгдэв (2004.05.25)

"Эх орон-Ардчилал" эвслээс УИХ-ын сонгуулийн 57 дугаар тойрогт нэр дэвшсэн УИХ-ын гишүүн асан Хашбатын Хуланг тус тойргийн хороо нэр дэвшигчээр бүрт-гэхээс татгалзсан шийдвэр гаргасантай холбогдуулан "Эх орон-Адчилал" эвсэл Үндсэн хуулиар олгогдсон иргэний сонгох, сонгогдох эрхийг зөрчиж байна хэмээн үзэж байгаагаа илэрхийлж асуудлыг шийдвэрлүүлэхээр Сонгуулийн ерөнхий хороонд /СЕХ/ гомдол гаргасан.

Сонгуулийн тойргийн хороонд Х.Хуланг нэр дэвшүүлсэн эвслийн шийдвэр, анкет, нэрээ дэвшүүлэхээр зөвшөөрсөн бичиг тэргүүтнийг хуульд заасан хугацаанд илгээжээ. Х.Хулан одоогоор АНУ-д байгаа бөгөөд тийшээ явахаасаа өмнө нэр дэвшихийг зөвшөөрсөн бичгээ үлдээсэн боловч УИХ-ын сонгуулийн 57 дугаар тойргийн хороо уул бичгийг өөрийн гараар үйлдээгүй байна гэж үзэн дахин авчрахыг шаардсан байна. Ийнхүү АНУ-аас дахин факс ирүүлсэн ч нэр дэвшсэнээ мэдэгдэх хугацаа өнгөрсөн тул СЕХ түүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан байна.

"Эх орон-Ардчилал" эвслийн гомдлын дагуу өчигдөр СЕХ хуралдаад "57 дугаар тойргийн хорооны шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй" гэж үзжээ. Энэ шийдвэр гарсантай холбогдуулан ямар алхам хийх талаар “Монголын мэдээ” сонины /¹103/ сурвалжлагчийн асуусан асуултад “Эх орон-Ардчилал” эвслийн дэд менежер Н.Чулуунбаатар хариулахдаа “Сонгуулийн Ерөнхий Хороог шүүхэд өгөхөөс өөр аргагүй боллоо” хэмээн мэдэгдлээ.

Харин энэ маргааны талаар Сонгуулийн Ерөнхий хорооны /СЕХ/ нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар “Өдрийн сонин”-ы /¹128/ сурвалжлагчид ярихдаа, “Тойргийн хороо Сонгуулийн хуулийн 23-2, 26-1 хэсгийг зөрчсөн гэсэн үндэслэл гаргасан. СЕХ бол хамтын шийдвэр гаргадаг байгууллага бөгөөд энэ асуудлыг УИХ-ын сонгуулийн тухай хуулийн зохих заалтуудыг үндэслэж шийдвэрлэсэн. Одоогийн мөрдөж буй хуулиар нөхөн нэр дэвшүүлэх боломжгүй” гэсэн байна.