2000 оны сонгуулийн дүн давтагдаж магадгүй (2004.05.26)

A- A A+
2000 оны сонгуулийн дүн давтагдаж магадгүй (2004.05.26)

2000 оны сонгуулийн дүн давтагдаж магадгүй (2004.05.26)

“Өнөөдөр” сонинд бичсэнчилэн /¹124/ парламентын энэ удаагийн сонгуулийн үр дүнгийн талаар Философи, социологи, эрхийн хүрээлэнгийн хэсэг судлаачид таамаглал дэвшүүлсэн судалгаа, тандалтыг хийжээ. Энэ удаа 1992, 2000 оны сонгуулийн үр дүн давтагдаж тун магадгүй гэж уг судалгааг ахалсан доктор Х.Гүндсамбуу үзэж байгаа аж. Ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойших есөн удаагийн томоохон сонгуулийн адил ба ялгаатай талуудыг харьцуулан судалсны үндсэн дээр тэрбээр уг таамаглалыг дэвшүүлж буй юм. Одоогийн эрх баригч МАХН парламентын олонхийг дахин бүрдүүлэх магадлал өндөр байгааг түүний судалгаа харуулсан хэдий ч намын бүлэг байгуулах хэмжээний цөөнх бүрдэх найдвартай, магадгүй 50x26 хэмжээнд хүчтэй цөөнх парламентад бүрдэж болзошгүй аж.

Харин МАХН ба өрсөлдөгч талууд парламентыг 50x50 хувиар бүрдүүлж болзошгүй гэж үзэх нь хамгийн утопи хувилбар гэж Х.Гүндсамбуу ярилаа. Монголын улс төрийн тавцанд гуравдагч хүчний байр суурь огт байхгүй, тэрчлэн хоёрдогч хүчний орон зай тун давчуухан байгааг түүний судалгаа харуулжээ. Тэрбээр энэ дүгнэлтээ тайлбарлахдаа, сонгуулийн мажоритар тогтолцоо нь улс төрийн хоёр хүчин бүрдэх нөхцөл, хүчин зүйлийг үүсгэдэг гэж хүмүүс үзэж байгаа. Харин манай орны нөхцөлд бол МАХН-ын монопольчлолыг дахин сэргээдэг механизм болж байна. Социализмын үед албан тушаалыг өмчилдөг байсан бол өнөөдөр тойргийг өмчлөх болсон гэлээ.

Энэ мэт социологийн судалгаа, таамаглалуудыг олон нийтэд хүргэх, санал солилцох үүднээс ШУА-ийн Философи, социологи, эрхийн хүрээлэнгээс өчигдөр энэ уулзалтыг зохион байгуулжээ. Сонгуулийн үеэр хамгийн их гүйлгээтэй байдаг мэргэжил, үйлчилгээнд сэтгүүлч, сонин хэвлэл болон урлагийнхан бичигддэг. Дээрх уулзалтын үеэр эдгээр салбартай холбоотой сонирхолтой судалгаа, дүгнэлт сонсогдож байлаа. Тухайлбал, сонгуулийн сурталчилгаа, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сонгогчдын сэтгэл зүйн харилцан хамаарлын талаарх ажиглалтын дүнг «Ad online» интернэт рекламны агентлагын захирал, сэтгүүлч Б.Лутаа танилцуулсан юм. Түүний үзэж байгаагаар, хэвлэлийн сурталчилгааны үр нөлөө нь үүнийг ашиглагчдын хүссэн хэмжээнд хүрэхгүй гэнэ.

«Хэвлэл, мэдээлэл бол хүчирхэг зэвсэг. Гэхдээ үндэсний телевиз, радио, зарим томоохон сонинд тавьж буй хяналтаараа сонгогчдод хүчтэй нөлөө үзүүлж чадна гэсэн эрх баригчдын ойлголт тун найдваргүй» гэж Б.Лутаа ярьж байна. Үүнийгээ тайлбарлахдаа тэрбээр нэгэн баримтыг дурдсан юм. 1996 оны сонгуулийн өмнө тухайн үеийн эрх баригч МАХН үндэсний телевиз, радиог хяналт, эрхшээлдээ байлгаж байсан хэдий ч ялагдал хүлээсэн. Мөн 2000 онд ардчилсан хүчин мэдээллийн дээрх хэрэгслүүдийг хянаж байсан ч сонгуулийн үр дүнд нөлөө үзүүлж чадаагүй явдлыг баримт болгон сануулав.

Харин хамтлаг, дуучид буюу нийтийн урлагийнхны сонгуулийн үеэрх бизнесийн талаар СУИС-ийн багш Н.Долгорсүрэн санал бодлоо хуваалцлаа. Нэр дэвшигчдийн зохион байгуулдаг сүржин шоу тоглолтууд нь санал хураалтын үр дүнд нөлөөлөх хүчин зүйл бищ, ердөө сонгогчдыг цуглуулах арга гэж тэрбээр үзэж байна. Гэхдээ соёлын бүтээгдэхүүн нь мэдээлэл дамжуулах хэрэгсэл болохын хувьд түүнгүйгээр аливаа сурталчилгаа явагддаггүй байна.