Зарим тойрогт хууль бус үйлдэл гарчээ (2004.05.27)
МАХН-ын Сонгуулийн төв комиссоос өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Идэвхтэн ярихдаа:
-Сонгуулийн зарим тойрогт МАХН-аас нэр дэвшигчийн уулзалтад согтуу хүн оруулах, мод, чулуугаар шидэх, цагдаагийн хуурамч дүрэмт хувцас өмсч баримт бичгээ шалгуулахыг шаардсан хууль бус үйлдлүүд гарлаа. Тухайлбал, 61 дүгээр тойрогт нэр дэвшигч Н.Баяртсайханы сонгуулийн байранд цагдаагийн хувийн дугааргүй дүрэмт хувцас өмсч, өөрийгөө хошууч Төрбат хэмээн танилцуулсан хүн нэвтэрч тэнд ажиллаж байсан хүмүүсээс бичиг баримт болон сонгуулийн төлөвлөгөөгөө үзүүл гэж шаардсан бол 66 дугаар тойрогт нэр дэвшсэн УИХ-ын дэд дарга Ж.Бямбадоржийн сурталчилгааны машины толийг хагалсан байна. Түүнчилэн 74 дүгээр тойрогт нэр дэвшигч Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Ц.Мөнх-Оргилын нэр төрийг унагах гэсэн оролдлого уржигдар орой 21 цагийн үед гарчээ. Түүний сонгуулийн байранд өөрийгөө Мэргэн бөөдий хэмээн нэрлэсэн хүн орж ирэн зүй бус авирлажээ. Ингээд зогссонгүй явах гэж байсан машины өмнүүр хөндөлсөн хэвтсэн байна. Энэ үйлдлийг зогсоох гэсэн хүмүүс хорооны цагдаа нарыг дуудтал урдаас бэлтгэн хүлээж байсан бололтой гэрэл зурагчид гарч ирэн зураг дарж, хүч хэрэглэж байна хэмээн дуулиан болгохыг оролдлоо гэв.
МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Идэвхтэн “дээрх хууль бус үйлдлүүд нь ардчилсан чөлөөт сонгуульд сайн нөлөө үзүүлэхгүй гэдгийг олон нийтэд хүргэх гэсэн юм” гэж хэллээ хэмээн “Зууны мэдээ” сонинд /¹122/ мэдээлсэн байна.