Д.Нарантуяа
Монгол Улсын нийгэм эдийн засгийн 2002 оны статистик үзүүлэлтээр гадаадын шууд хөрөнгө оруулалт /ГШХО/ нийтдээ 205.2 сая ам.доллар болсон нь өмнөх 2001 оноос 32.7 сая ам.доллараар, 2000 оноос 79.2 сая ам.доллараар тус тус илүү байна. ГХШО сүүлийн дөрвөн жилд тогтвортой нэмэгдэж байгаа сүүлийн жилүүдэд Монгол улсын Засгийн газраас ГШХО-ыг түлхүү татах зорилт тавин энэ чиглэлээр олон арга хэмжээ авч ажилласны үр дүн мөн гэж Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагийн дарга Б.Ганзориг үзэж байна. Засгийн газраас авч хэрэгжүүлсэн олон арга хэмжээнээс хоёр зүйлийг ноён Б.Ганзориг онцлон дурдаж байгаа юм. Нэгдүгээрт, 2002 оныг Хөрөнгө оруулалтыг дэмжих болгон зарлаж энэ жилийн хүрээнд гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр, хөрөнгө оруулалтын орчин, боломж, нөхцлийг сурталчлах, хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр тодорхой ажлууд хийгдсэн байна. Тухайлбал, “Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль”, “Чөлөөт бүсийн тухай ерөнхий хууль”, “Ашигт малтмалын тухай хууль”, “Экспортыг дэмжих тухай хууль”, “Газрын тухай хууль”, “Газрын төлбөрийн тухай хууль”, “Үнэт цаасны тухай хууль” зэрэг нийт 13 хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж, шинэчлэн найруулсан нь хөрөнгө оруулалтын илүү таатай орчин бий болгожээ. Хоёрдугаарт, хөрөнгө оруулагчдад чирэгдэл учруулж байсан хүчин зүйлсийн нэг болох бизнесийн үйл ажиллагаа эрхлэхэд олгогддог 600 гаруй төрлийн тусгай зөвшөөрлийг багасган онцгойлон үзсэн 87 төрлийн үйл ажиллагаанд олгодгоос бусад зөвшөөрлийг хүчингүй болгосон нь хөрөнгө оруулалтыг дэмжихэд ихээхэн ач холбогдолтой болсон гэж Б.Ганзориг хэллээ.
Монгол улсын Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулалтын тэргүүлэх салбараар уул уурхай, хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэр болон аялал жуулчлал хэмээн тодорхойлоод байгаа юм. Үүнээс гадна сүүлийн жилүүдэд Засгийн газраас мэдээлэл, технологийн салбарт өндөр ач холбогдол өгч байгааг ноён Б.Ганзориг тэмдэглэж байна. Гадаадын хөрөнгө оруулалтын тэргүүлэх салбар дотроо уул уурхай, газрын тосны салбар дахь гадаадын хөрөнгө оруулалт үлэмж нэмэгдэж, нийт хөрөнгө оруулалтын 48.5 хувийг эзлэх болоод байна. Монголын ашигт малтмалын их нөөц, тэр дундаа сүүлийн жилүүдэд нөөц нь тогтоогдоод байгаа Оюу толгой зэрэг орд газруудын улмаас уул уурхайн салбар нь гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг эрхгүй татаж байгаа юм. 1990 оноос хойш 2003 оны эцэс хүртэл Монгол улсад дэлхийн 73 орноос 3042 компани 20 салбарт нэг тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулсаны 462.076 ам.доллар буюу бараг тал хувь нь уул уурхай, газрын тосны салбарт оржээ. Удаад нь 128.466 ам.доллар худалдаа, нийтийн хоолны салбарт, 83.338 ам.доллар хөнгөн үйлдвэрт, харин үүний дараа дөрөвт тэргүүлэх салбараар тодорхойлсон мал аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрт 50.267 ам.доллар орсон байна. Өөрөөр хэлбэл, нийт хөрөнгө оруулалтын 5.4 хувь нь хөдөө аж ахуй болон мал аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах салбарт орсон байгаа нь 48.5 хувийг эзэлж байгаа уул уурхайтай харьцуулахад дэндүү бага байна. Аялал жуулчлалын салбарын тухайд бүр бага 1.5 хувийг эзэлж байгаа юм.
Энэхүү зөрөөтэй байдлыг ноён Б.Ганзоригоос тодруулахад “энэ нь хөрөнгө оуулагчдыг маш муу татаж байна, хэн ч сонирхохгүй байна гэсэн үг биш” хэмээн үзэж байна. “Мэдээж адилхан бүх салбаруудын боломж, нөхцлийг сурталчлан таниулж, бүр тусгайлан ганц салбарыг сурталчлах ажлыг хүртэл зохион байгуулж байна. Тухайлбал, энэ оны гуравдугаар сард Хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг зохион байгууллаа. Мөн гадаад улс орнуудад Монголд зочлох жилийн сурталчилгааны өдөрлөг арга хэмжээг зохион байгуулж байна. Харин энэ хоёр салбар маань уул уурхайн салбар шиг асар их хэмжээний хөрөнгө мөнгө шаарддаггүйгээрээ ялгаатай ч ашиг нь ялгаагүй л экспортолсон бараанаас эсвэл айлчилж ирж байгаа жуулчдаас орж ирдэг” гэж Б.Ганзориг хэллээ.
Монгол Улсад орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалт цаашид ч нэмэгдэх хандлагатай байгааг Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлаг тэмдэглэж байна. Энэ нь Зүүн өмнөд Ази, Зүүн хойл Азид ГШХО-ын урсгал нэмэгдэж байгаа хандлагатай ижил байна. НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал /UNCTAD/-аас гадаадын хөрөнгө оруулттай холбоотой үзүүлэлтээр хэд хэдэн жагсаалт гаргадаг бөгөөд энэ жагсаалтад бичигдэх Монгол улсын нэр улам дээшилсээр байгаа ажээ. Жишээ нь, тухайн улс орны хүлээн авсан ГШХО-ын харьцангуй хэмжээг дэлхийн ДНБ-д оруулсан хувьд харьцуулан тухайн улс орны ГШХО-ыг хүлээн авах үзүүлэлтийг гаргадаг байна. Монгол улс 1991-1993 онд энэ жагсаалтын 79-д, 1993-1995 онд 76-д, 1995-1997 онд 67, 1997-1999 онд 73, 1999-2001 онд 48-д бичигдсэн байна. Мөн тухайн орны ДНБ-ий бодит өсөлт, нэг хүнд ногдох ДНБ, нийт экспорт, 1000 хүнд ногдох телефон утасны шугам, гар утасны тоо, арилжааны цахилгаан эрчим хүч хэрэглэх түвшин, оюутны тоо, байгалийн баялгаа экспортолж байгаа болон электроникийн эд анги, автомашин импортолж байгаа байдал, судалгаа шинжилгээнд гаргаж байгаа зардал, ажил үйлчилгээний экспорт, ГШХО-ын хэмжээ зэргийг харгалзан улс орны ГШХО орох чадавхийн индексийг тодорхойлдог. Энэ жагсаалтад Монгол улс 1991-1993 онд 92-т, 1993-1995 онд 84-т, 1995-1997 онд 78-д, 1997-1999 онд 67-д, 1999-2001 онд 69-д бичигдэх болж арван жилийн өмнөхтэй харьцуулахад 23 пунктээр дээшилсэн байна. Энэхүү ГШХО-ын үзүүлэлтийн болон чадавхийн индексээр тухайн улс орны ГШХО-ын чадавхийг тодорхойлдог бөгөөд 1993-1995 онд энэ ангиллын сүүлд бичигдэж байсан Монгол улс 1999-2001 онд ГШХО-ын өндөр чадавхтай гэсэн ангилалд багтах болоод байгаа юм.
Үүний зэрэгцээгээр гадаадын хөрөнгө оруулалттай компани байгуулахыг Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаас өмнө 60 хоногт шийддэг байсан бол хууль нэмэлт өөрчлөлт орсноор хуулийн дагуу 14 хоногийн хугацаанд шийддэг болсон. Хэдий 14 хоног гэж байгаа ч гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагийн хөрөнгө оруулагчдад үйлчилгээ үзүүлдэг нэг цэгийн үйлчилгээний төв нь гурав хоногийн дотор хурдан шуурхай үйлчлэн шийдэж өгдөг болсон нь ихээхэн ач холбогдолтой болжээ.
Мэдээж хөрөнгө оруулагчдын зүгээс гомдол саналыг тавьдаг бөгөөд эдгээрээс хамгийн түгээмэл нь үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн зүгээс шат дараалсан хяналт шалгалт байнга ирдэг тухай гомдол байдаг гэж ноён Б.Ганзориг хэллээ.
ГШХО-ын Монгол Улсын эдийн засагт тодорхой үр нөлөө үзүүлж байгааг дараах тоонууд гэрчилж байна. Гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд нь өссөн дүнгээр 70 гаруй мянган ажлын байр бий болгож, менежер, мэргэжилтнүүдийн ажлын байранд 3000 орчим гадаадын хүн ажиллаж монгол ажилчдын мэргэжил дадлагыг дээшлүүлж байна. 2002 онд гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд монголын нийт экспортын 42 хувийг гүйцэтгэсэн бөгөөд тэдний төсөвт оруулж байгаа татварын орлогын хэмжээ нэмэгдсээр байна. Үндэсний татварын ерөнхий газрын мэдээгээр 2002 онд гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд нийтдээ 37.3 тэрбум төгрөгийн татвар төлсөн байна. Монголд хөрөнгө оруулж байгаа компаниудын улс орноор нь жагсаавал эхний байрт БНХАУ орж байна. Удаад нь Зүүн хойд Ази, Хойд Америкийн компаниуд орж байна. Тухайлбал, хөрөнгө оруулагчдын 37.9 хувь нь БНХАУ-ын компаниуд байгаа бол, Канад улс 13.2 хувиар, АНУ 11.4 хувиар, БНСУ 8.1 хувиар, Япон 6.0 хувиар, ОХУ 3.3 хувиар тус тус удаалж байна. Энэ нь газрын тосны хөрөнгө оруулалтыг тооцсон үзүүлэлт юм.
Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагт бүртгэгдсэн нийт 3042 компаниас 60.4 хувь нь хамтарсан, үлдэх 39.6 хувь нь гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалтын хэлбэртэй байна. Байршлын хувьд авч үзвэл нийт бүртгэгдсэн хөрөнгө оруулалтын 95.6 хувь Улаанбаатар хотод, үлдэх 4.4 хувь нь буюу 43.7 сая орчим ам.доллар нь хөдөө орон нутагт ногдож байна.
Тус агентлагийн хийсэн төлөв байдлын тооцоогоор энэ онд уул уурхайн Камеко голд, Айвенхое Майнз, Плэйсэр доме зэрэг компаниудын Монголын геологи, уул уурхайн салбарыг сонирхох сонирхол нэмэгдэж байгаатай холбоотойгоор тэргүүлэх хөрөнгө оруулагчдын жагсаалтад өөрчлөлт гарч Хойд Америкийн хөрөнгө оруулагчид тэргүүлж болохоор байгаа ажээ. Мөн тус агентлагийн Дунд хугацааны стратеги төсөөллөөр 2005-006 онд нийтдээ хагас тэрбум ам.долларын ГШХО-ыг уул уурхай, дэд бүтцийн салбар татахаар байгаа юм байна. Мөн Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль хэрэгжиж эхэлснээр барилгын салбарт дахь хөрөнгө оруулалт нэмэгдэж байна.