Нэр дэвшигчдийн тоо цөөрчээ (2004.05.20)
УИХ-ын 2004 оны сонгуульд өрсөлдөх улс төрийн нам, эвсэл, бие даан нэр дэвшигчид тодорч сонгуулийн кампани өрнөж эхэллээ. 2000 оны сонгуультай харьцуулбал энэ удаа оролцох субъект, өрсөлдөх нэр дэвшигчдийн тоо эрс цөөрсөн байна. Өмнөх сонгуульд 10 гаруй субъектээс 660 гаруй хүн нэр дэвшиж байв. Тухайн үед нэр дэвшигчдийн тоо түүний өмнөх 1996 оны сонгуулиас нэг дахин өсөөд байсан юм.
УИХ-ын 2000 оны сонгуулийн үеэр нэг тойрог дээр наймаас 12 хүртэл нэр дэвшигч ногдож байсан бол энэ удаа дөрвөөс таван хүний нэр л саналын хуудас дээр бичигдэхээр байна. МАХН, "Эх орон-Ардчилал" эвсэл, албан бус нэгдлээс тус бүр 76, бусад намуудаас нийтдээ бас төдий орчим хүн, бие даагч 20 гаруй гэж үзвэл 250-260 орчим хүн л нийт 76 тойрогт өрсөлдөх бололтой. Энэ нь түрүүчийн сонгуулиас 400 нэр дэвшигчээр цөөн тоо юм.