“Ах Дүү” хөршийн дунд “HAILAAR REVIEW” Ли Чау “Дорнодод ирээд 2 жил гаруй боллоо. Хоёр идэхгүй ч хоосон хонохгүй ээ” гэж Гочоо бидэнд өгүүлэв. Уг нь эднийх Завханы айл ба тэндээ хэдэн толгой малаар амь залгуулдаг байсан гэнэ. Дорнодын төвд ойролцоо буусан, удам дагасан малчин тэрбээр нэгэн фермерын аж ахуйд малчнаар ажилд оржээ. Тус аж ахуй нь Хятад, Солонгосын хамтарсан хөрөнгө оруулалттай ба адуу, гахайн түүхий болон хагас боловсруулсан махыг Орос, Хятадад экспортолдог гэнэ. Эхнэр Бумаа нөхрийн хамт мөн тус аж ахуйд арьс, шир илдэгчээр ажилладаг. Илдсэн арьс, ширийг бас л Орос, Хятад руу гаргахаас гадна тодорхой хэмжээгээр БНСУ-д ч нийлүүлдэг аж. Азийн зүүн хойд бүсийн интеграцид идэвхтэй татагдан орсноор Дорнод аймаг Гочоо, Бумаа мэт олон мянган монгол хүнийг тэжээх болжээ. Гочоогийн том охин л гэхэд тус аймгийн Хятадын хил дээрх орших Буйр нуурын ойролцоох зочид буудалд ажилладаг гэнэ. Гэвч Дорнодын хувь заяа Монголын бусад ихэнх аймгуудыг тойрч гарсан гэж хэлж болно. Өнөөгийн Монгол, нэг талаас, харьцангуй хөгжилтэй нийслэл Улаанбаатар, сүүлийн хэдэн жил турш хүчээ аваад буй Дорнод төвтэй зүүн Монгол, нөгөө талаас, ашигт малтмал, хөдөө аж ахуйд суурилсан хэвээр бусад аймгуудаас бүрдэж байна.
Дотоодын эдийн засгийн бүтэц, түүний ирээдүйг тодорхойлоход тийм ч хялбар биш. Уламжлалт салбарууд болох ашигт малтмал, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын үр ашиг дээшилж, эдийн засаг дахь давамгайлал нь хэвээр байгаа аж. Үүний зэрэгцээ бизнесын шинэ төрлүүд аажмаар төрөн гарсаар байгаа ч эдгээр нь зөвхөн нийслэл Улаанбаатараар л хязгаарлагдаж, хот хөдөөгийн ялгаа арилахгүй, харин ч улам нэмэгдсээр. Өнгөрсөн зуунаас анх яригдаж, дуншсаар 4 жилийн өмнө л улс төр, эдийн засгийн таатай тохироо бүрдсэнээр Түмэн голын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Зүүн хойд Азийн орнууд Эдийн Засгийн Холбоог байгуулсан нь Монголын хувьд юуны түрүүнд Дорнод тэргүүтэй зүүн 3 аймагт хөгжлийн алтан мөч болжээ гэмээр. Түмэн голын хөтөлбөрт оролцоход Дэлхийн Банк Монголд нэмэлт 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг 2012 онд олгосон юм. Ийнхүү зүүн Монгол тус орны Ази руу гарах үндсэн гарц болж, хөрөнгө оруулалт, гадаад худалдааны томоохон төв болж байна. Тухайлбал, Дорнод дахь Тамсаг булагийн орд газрыг зүүн хойд Хятадын гол төмөр зам болох Чанчунь-Анчаны замтай холбосон нь угаас эрдэс баялаг ихтэй гэгддэг Дорнодод хайгуул, олборлолтын ажлыг эрс нэмэгдүүлэх, гадаадын томоохон хөрөнгө орж ирэх чухал хүчин зүйл болсон юм. Аж үйлдвэрээс гадна зүүн Монголыг аялал жуулчлалын томоохон бүс болох нөөцийг ашиглахад ихэд анхаарчээ. Тухайлбал, дэлхийд ховордсон цагаан шилээн хүзүүт тогоруу зэрэг 300 гаруй төрлийн шувуу бүхий тус бүсийг дэлхийн шувуу сонирхогчдын жуулчлан ирэх хамгийн дуртай газар болгон хөгжүүлсэн бол Дорнодын Буйр нуур гадаадын завьчид, загасчдыг татсан орлогын бас нэг том эх үүсвэр болжээ.
ДХБ-д элсэж, нээлттэй эдийн засгийн бодлогыг улам гүнзгийрүүлж чадсан Хятадад жижиг, дунд хөрөнгөтний хүчирхэг давхарга бүрэлдэн тогтож, нийгэмд чухал үүрэг гүйцэтгэх болсон юм. Даяарчлагдсан эдийн засгийн нөхцөлд БНХАУ-ын Коммунист намын эгнээнд хөрөнгөтнүүдийн гишүүнчлэл өсөхийн хэрээр тэдний нөлөө ч нэмэгдэж, энэ нь Хятадад улс төрийн шат дараалсан өөрчлөлтөөр илэрсэн билээ. Өнгөрсөн жил “Хятадын Горбачёв” хэмээн нэрлэгдсэн БНХАУ-ын дарга Нао Зэ Түн Хятадын нэн шинэ түүхэнд анх удаа Ардын Хурал болон орон нутгийн зөвлөлүүдийн сонгуулийг зарлан гадаадын 50 мянган ажиглагчдын хяналт дор явуулсан билээ. Улс төрийн өөрчлөлтийн зэрэгцээ Хятадын эдийн засаг ч бүтцийн хувьд өөрчлөгдөж байна. Зүүн хойд Азийн интеграцчилалын үр дүнд тус бүсэд багтдаг Хятадын муж газрууд гадаадын хөрөнгө оруулалтыг ихэвчлэн өөртөө татдаг зүүн өмнөд мужуудын эн тэнцүү өрсөлдөгч болоод байна. Ямартай ч ийм нөхцөлд Хятад Монголын хувьд хамгийн том хөрөнгө оруулагч, худалдааны түнш гэсэн байр сууриа цаашид бэхжүүлэх нь гарцаагүй. Монголын хойд хөрш Орос дотоодын эсэргүүцлийг сөрөн байж, сунжирсан яриа хэлэлцээрийн эцэст ДХБ-д 2008 онд элссэн билээ. Энэ нь татварын нэгдмэл шатлал, газрын шинэчлэл зэрэг Кремлийн бусад оновчтой арга хэмжээнүүдийн хамт хэний ч санаанд оромгүй эдийн засгийн өсөлтийг авчирчээ. Орост байдал ийнхүү нааштайгаар эргэсэн нь Монгол-Оросын харилцаанд сайнаар нөлөөлсөн нь гарцаагүй. Оросын Засгийн газар Монголын Орост төлөх өнгөрсөн зуунд үүссэн өрийн ихэнхийг стандартын бус аргаар 2010 онд хүчингүй болгосон билээ. Гадаад таатай орчноос гадна дотоодын уул уурхайн салбар тасралтгүй өссөөр ирлээ. Зүүн болон баруун Монголд хэд хэдэн томоохон нөөцтэй гэх ордыг нээсэн ба зэсийн хамгийн том хэрэглэгч Хятадын эдийн засаг Монголын өмнөд говийн Оюу Толгойн зэс, алтны хамгийн чухал худалдан авагч юм. Хятадын Засгийн газар ч Монголд уул уурхайн томоохон төсөл хэрэгжүүлэхэд хэд хэдэн удаа зээл олгосон нь ч үүнтэй холбоотой.
Улсын төсөвт багагүй орлого оруулдаг аялал жуучлалын салбар олон улсын интеграцчилал, боловсронгуй дэд бүтцийн үр дүнд ойрын хэдэн жил өсөх хандлагатай байгаа гэнэ. Гэвч нүүдлийн мал аж ахуй, соёл иргэншил аажмаар үгүй болж байгаа нь урт хугацаанд жуулчдыг алдахад хүргэнэ гэж мэргэжилтнүүд үзэж байна. Гэхдээ ямар ч байсан ойрын ирээдүйд тус улсын аялал жуулчлал шиг уламжлалт салбаруудын үр өгөөж, өрсөлдөх чадвар нэмэгдсээр байх болов уу. Үүнийг уул уурхайн ДНБ-д эзлэх хувь 10-хан жилийн дотор бараг хоёр дахин нэмэгдсэн гэсэн статистикийн үзүүлэлт ч илтгэнэ. Гэвч бүр 1978 онд Японы тусламжтайгаар баригдсан “Говь” үйлдвэрийн бүх хувьцааг дөрвөн жилийн өмнө Харбин хотын “Жэн Бан” ноолуур боловсруулах компани худалдан авсан нь монголчуудын хувьд төдийгүй нийт ноолуурын бизнесын ертөнцөд шуугиан дэгдээжээ. Учир нь энэ нь Монгол дахь ноолуурын салбар бүхэлдээ Хятадын компаниудын мэдэлд шилжих үйл явцын эцсийн холбоос болсон юм. 1990-ээд оноос хойш олон мянгаар гадаадад сурах, ажиллахаар цагаачилсан монголчууд 2010-аад оны үеэс олноор эх орондоо буцан ирэх буюу Монголд хөрөнгө оруулж эхэлсэн юм. Зах зээлийн бизнесын ур чадвараар зэвсэглэж, санхүүгийн нөөц хуримтлуулж чадсан тэд Монгол дахь хувийн хэвшлийн өрсөлдөөнийг улам нэмэгдүүлжээ. Гэсэн хэдий ч хувийн хэвшил Монголын эдийн засагт түлхэц болохуйц хэмжээнд хүрч очоогүй л байна. Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ XXI зуун эхэлснээс хойш бодитоор өссөн нь маш бага байсаар байгаа нь үндэсний эдийн засаг одоо хэр гадаад зах зээлийн үнийн хэлбэлзэл, түүхий эдийн экспортоос хэт хараат байгаатай шууд холбоотой юм гэж тус улсын Сангийн яамныхан тайлбарлаж байна. Энэхүү эргэлзээг хот хөдөөгийн хоорондын эрх мэдлийн зөрчил, эдийн засгийн ялгаа улам гүнзгийрүүлж байна. Монголын эрх баригчид нийслэл хотод сонгогчдын ихэнхи төвлөрсөн байдгийг далимдуулан сүүлийн хоёр удаагийн сонгуулиар өлхөн ялсан боловч сонгуулийн дүнг будлиантуулсан гэх шүүмжлэл тухайн үед нотлогдоогүй юм. Орос, Хятадтай хэт ойр холбоотой гэх одоогийн эрх баригчид улс төр, эдийн засгийн эрх мэдлийг аажмаар төвлөрүүлж, улмаар авилгал үржих хөрсийг бүрдүүлсээр байгаа нь гадаадын зарим шинжээчдийг Монголыг улам бүр Африкийн орнуудын сонгодог клептократи төрийн шинжийг агуулах боллоо гэж үзэхэд хүргэж байна. Гадаадын зарим хандивлагчид сүүлийн хэдэн жилүүдэд Монгол дахь үйл ажиллагаагаа цомхотгосон буюу бүрмөсөн хаасан нь энэ үзлийг бататгах мэт. Дэлхийн дулаарал, хүн амын төвлөрөл, усны зохисгүй хэрэглээ нь Монголд усны хямралыг бий болгоод бараг 6 жил боллоо. Тус улсын Байгаль орчны яамны мэдээлснээр энэ хугацаанд 1,000 томоохон гол мөрөн, нуур ширгэх аюулд ороод байгаа буюу бүрмөсөн ширгэсэн байна. Улаанбаатарыг ундлуулдаг байсан Туул гол гэхэд аль 2010 онд хатангирдаж устсан нь монголчуудын нэгэн эмгэнэл болсон түүхтэй. Одоо Хойд Монголын Хараа, Хэрлэн голуудын урсгал өнөө маргаашгүй зогсох гэж байгаа гэнэ. Газар дорхи усны нөөцийн хэт их хэрэглээнээс болж баруун болон өмнөд Монгол дахь ихэнх булаг шанд ч ширгэжээ. Усны энэхүү хямрал эргээд үйлдвэрлэл, уул уурхайн ашиглалтыг хязгаарлах, аюулыг бий болгосон бол Улаанбаатарт усыг тодорхой хэмжээ, цагийн хуваариар олгодог болоод 5 гаруй жил боллоо. Улаанбаатарт агаарын бохирдлоос болж замын зохицуулагч нар хорт утааны баг өмсдөг болоод нэлээд жилийн нүүр үзжээ. Уг нь Гочоогийн хүү Улаанбаатарт Оросын хөрөнгө оруулалттай мод боловсруулах нэгэн үйлдвэрт ажилладаг байсан боловч амьсгалын замын архаг өвчинтэй болсны улмаас компани нь түүнийг Сэлэнгэ аймаг дахь мод бэлтгэлийн ангид шилжүүлсэн гэж хүүгийн ээж Бумаа бидэнд хэлж байсан юм. Бумаагийн хүү шиг ийм төрлийн өвчтэй хүн Улаанбаатарын хүн амын бараг гуравны нэгийг эзэлдэг гэнэ. 2013 оны 9 дүгээр сард Монгол даяар болсон 5,1 баллын газрын хөдлөлтөд Улаанбаатарын зарим хэсэг нурж, тус хотын түүхэд хар толбо болон үлдсэн юм. Уг нь Рихтерын шатлалаар 5,1 баллыг хүчтэй газар хөдлөлтөд тооцдоггүй боловч нурсан буюу гэмтсэн ихэнх байшин нь барилгын шаардлага хангаагүй байгууламж байсан аж. Хэдийгээр олон улсын хамтын нийгэмлэгийн тусламжтайгаар нийслэлийг үндсэнд нь сэргээн засварласан ч угаас газар хөдлөлийн өндөр эрсдэл бүхий бүсэд байрладаг, агаар орчны бохирдол, усны хямрал зэргээр шалтгаалан Засгийн газар нийслэлийг Хархоринд шилжүүлэхээр бэлтгэж байгаа гэнэ. Өнөөдөр Монголын аж үйлдвэр, технологи, хүн ам бүхий төвийн болон эдийн засгийн боломжоор дүүрэн зүүн бүсийг эс тооцвол бусад хэсгээрээ, ялангуяа баруун бүс, бүрмөсөн эзгүйрэх аюулд ороод байгаа аж. Улс төр, эдийн засгийн эрх мэдлийг нийслэлд төвлөрсөн улс төрийн хүчин сүүлийн арав гаруй жилийн турш гартаа чанга атгаж байгаа ч хөдөөний оршин суугчид, хотын ядуучуудын байдал дээшлэхгүй бол улс төрийн орчин хэрхэн өөрчлөгдөх нь тааварлахад бэрх юм. Эдийн засгийн хувьд мэдлэгт суурилсан шинэ салбарууд аажмаар хөлөө олж буй боловч бүхэлдээ угаас байгаль орчинд хөнөөлтэй гэгддэг хөдөө аж ахуй, уул уурхай, түүхий эдийн экспортод дулдуйдсан хэвээр. |