“Улаанбаатар”-аас “Улаанбээжин” хүртэл “БЭЭЖИН ТАЙМС” сонин2016 оны VII сар, ¹ 26 (5147) Сү Жи Сан, Фэн Чзи
Одоо Гочоогийнх 60 гаруй ямаа, 10 гаруй үхэр, мөн тооны хонь, ойр зуурын уналгын хэдэн морьтой. Бас хэдэн төрлийн ногоо тарьдаг гэнэ. Эднийх шиг олон мянган монгол малчдын хувьд Францаас 2 дахин том нутаг дэвсгэр бүхий газарт бэлчээр хайн нүүдэллэн амьдарч байсан хэв маяг дуусгавар болж, механикжсан фермерын аж ахуйн хэлбэрт шилжээд нэлээд хэдэн жилийн нүүр үзээд байгаа аж. Гочоогийн хийдэг ганц “нүүдэл” нь Хятадад үйлдвэрлэсэн, энгийн боловч бат бэх байрын “Dragon Jeep” (”Луу Жиип”) пикап машинаа унаж, сумын төв Хархорингоос өвс тэжээл авчрах явдал гэнэ. Гочоогийн 21 настай том охин саяхан “Хятад алт” компанийн инженер Сү Янзтай хуримаа хийж, нэг гэрт оржээ. Залуу хос Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотод амьдардаг ба Монголд албан ёсоор бүртгэгдээд байгаа хэдэн арван мянган монгол, хятад гэр бүлийн нэг болжээ. БНХАУ-ын “Нэг гэр бүл – нэг хүүхэд” бодлого нь хүн амын хүйсийн тэнцвэрийг нэлээд алдагдуулж, олон сая хятад залуучуудыг өөр орноос заяаны ханиа идэвхийлэн хайхад хүргэсэн гэнэ. Хүн ам цөөн ч Монгол нэгэн сэтгүүлчийн нэрлэснээр “гоонь эрсийн жуулчлал”-ын зах зээл болсон нь мэдээж. Нөгөө талаас аялал жуулчлал олон жилийн өмнөөс Монгол Улсын уламжлалт тэргүүлэх салбаруудын нэг болон хөгжиж ирсэн билээ. Хятад аль энэ зууны эхээр, Гочоогийн хүргэн Зи Янийн ажилладаг “Хятад Алт” компани нь Монголын баруун ба төвийн нутгийг хамарсан нийт 150 мянган хавтгай дөрвөлжин км газарт хайгуул, олборлолтын ажил гүйцэтгэдэг. Гэхдээ хөрөнгө оруулалтынхаа хэмжээ далайцаар алт, зэсийн Оюу толгойн орд газрын цогцолбор бусдыгаа манлайлж байна. Анх эхэлснээсээ хойш 15 жилийн дараа сая дөнгөж ашиглалтад орсон Мянганы Зам хоёр улсын найрамдал, хамтын ажиллагааны хамгийн сүүлийн үеийн билэгдэл болоод байна. Төсөв мөнгөний хүрэлцээгүйгээс шалтгаалж барих, барихгүй дээрээ тулаад байсан Мянганы Замыг мөрөөдөл бус, бодит зүйл болгоход Хятадын Засгийн газрын хөнгөлөлттэй зээл, хувийн компаниудын хөрөнгө оруулалт шийдвэрлэх үүргийг гүйцэтгэсэн гэж үзэж болно. Одоо Мянганы Зам Монголыг бүхэлд нь Дорно-Өрнө, Умард-Өмнөд гэсэн чиглэлд босоо, хэвтээ хэд хэдэн тэнхлэгээр холбосон бүс хоорондын ачаа тээвэрлэлт, мэдээлэл солилцоог эрчимжүүлсэн, хотоос хөдөөд хөгжлийг авчирсан сүлжээ болжээ. “Мянганы Зам нь бидний амьдралыг өөрчилсөн. Цагтаа манай орны хүн амын бараг тэн хагас нь малаа дагаж, амьжиргаагаа залгуулдаг байсан” гэж Гочоо хуучиллаа. Үнэхээр Мянганы Зам Гочоогийнхны амьдралд шууд нөлөөгөө үзүүлсэн гэж хэлж болно. Гочоогийн хүү Сүмбэ автомашин түрээслүүлэх үйлчилгээ эрхэлдэг “Монгол Транс” компанийн Сэлэнгэ аймаг дахь сүлжээний салбарт ажилладаг юм байна. Тус компани БНХАУ-ын Хөх хотын “Чайна Рентал” компанийн хөрөнгө оруулалттайгаар 2014 онд байгуулагджээ. Цөөн тооны Солонгос, Японы загвар байдаг ч Хятадад үйлдвэрлэсэн машины сонголт их байдаг байна. “Монгол Транс” компанийн менежер Сү Жи Сан-гийн ярьснаар “Чайна Рентал” компани Монголд хөрөнгө оруулах болсон шалтгаан нь Монголын хязгааргүй уудам тал нутгийг хөндлөн гулд хэрчсэн Мянганы замыг даган зам тээврийн хөдөлгөөн ихсэнэ гэсэн тооцоо байсан аж. Үнэхээр эдийн засаг өсч, хүмүүсийн амьжиргааны түвшин дээшилж, хот суурин газрууд олширч хүн амын хөдөлгөөн нэмэгдэхийн хэрээр автотээврийн хэрэгсэл түрээслүүлэх бизнес хүчээ авч байна. 2009 онд хоёр улсын хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ Хятадын хөрөнгө оруулагчдыг татвараас чөлөөлөх, БНХАУ-ын Хөрөнгө Оруулалтын Хорооноос хөнгөлөлттэй зээл, эрсдэлийн даатгалд хамрагдах эрх зүйн үндсийг тавьжээ. Дараа жил Монгол Улс БНХАУ-ын тусламжтайгаар Азийн Эдийн Засгийн Холбооны жил бүрийн ээлжит дугуй ширээний ярилцлагыг зохион байгуулахаар бэлтгэж байна. Хоорондоо дайсагнан дайтаж, ээлж дараалан бие биенээ эзлэн түрэмгийлж явсан Монгол, Хятад хоёр яаж яваад ийнхүү ах дүүгийн барилдлагатай болсон нь олон хүний сонирхлыг татсаар байна. “Цаг үе биднээс өөрчлөгдөхийг шаардаж байна. Бид өнгөрсөн түүхээрээ амьдраад, ирээдүйгээ харж алхахгүй бол хөгжихгүй байсан. Хятадуудаас сурах зүйл бидэнд их байсан – мал аж ахуй, газар тариалан, зам, барилга барих гээд л …” гэж Гочоо хуучилж байна. Нэр хүндтэй хятад судлаач ноён Себрин Каусын үзэж байгаагаар энэ нь Монголд сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд өрнөсөн үйл явдлын хэлхээний зүй ёсны үргэлжлэл, үр дагавар гэнэ. Ноён Себрин Каус 1991-2012 онуудад Монгол, Хятадад ажиллаж амьдарч байсан ба одоо Сан Франциско дахь Ази Судлалын Хүрээлэнд ажилладаг нэгэн. 2010 онд Монгол, Хятад улсын тэргүүн нарын сэтгүүлчдэд хийх мэдээллийн үеэр БНХАУ-ын Ерөнхийлөгч Цин Гай Си “Монгол Улсын санхүү-эдийн засгийн одоогийн чадавхи, хэрэгцээ шаардлагын хоорондын зөрүү асар том байгаа тул түүнд туслахаас өөр зам үгүй. Эс тэгвээс Монгол Улс эргэлт буцалтгүй сүйрлийн ангалд унана” гэж тэмдэглэсэн юм. Азийн Хөгжлийн Банкны ахлах эдийн засагч Питер Марлет Хятадын санаачилсан Аж үйлдвэржилтийн төлөвлөгөөг өнгөрсөн зууны Дэлхийн II дайны дараахь Баруун Европыг сэргээн босгосон Маршаллын төлөвлөгөөтэй зүйрлэж болно хэмээн өгүүлж байна. Гэхдээ Маршаллын төлөвлөгөөний гол ялгаа нь түүнийг боловсруулж хэрэгжүүлэхэд Европын орнууд АНУ-ын дэмжлэгтэйгээр голлох үүргийг гүйцэтгэсэн бол БНХАУ Монголын эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг Монголчуудын оролцоогүйгээр гаргасан гэнэ. Гэсэн хэдий ч ноён Себринг Каус “Хятадын аж үйлдвэржилтийн тусламжийн үр дүнд Монголын эдийн засагт нааштай өөрчлөлт гарч, монгол хүмүүсийн өдөр тутмын амьжиргааны нөхцөл дээшилсэн нь гарцаагүй үнэн. Монголчууд нэг хэсэг Оросуудыг ах гэж нэрлэдэг байсан бол одоо шинэ ахтай болсон нь гарцаагүй” гэж дүгнэж байна. Ийм дүгнэлтийг зөвхөн гадаадын ажиглагчид ч бус, монголчууд өөрсдөө хийж байгаа нь сонирхолтой. “Монгол Улсын эдийн засгийн сэргэн мандалт нь БНХАУ-ын ах дүүгийн найрамдалт тусламжтай шууд холбоотой болохыг Талууд онцлон тэмдэглэж байна” гэж хоёр талын 2015 оны хамтарсан мэдэгдэлд дурджээ. Эдийн засаг өсөхийн хэрээр Монголын дотоод байдал тогтворжиж, хүн амын боловсрол, эрүүл мэндийн түвшин дээшилж ч байна. Гочоогийн удаахь хүү Ёнхор Улаанбаатар дахь Хятад-Монголын хамтарсан коллежид мал эмнэлгийн ангийн оюутан гэнэ. Сүүлийн жилүүдэд Хятадын сургалтын загвар, хөтөлбөрт суурилсан, Хятадтай хамтарсан, дипломыг нь Хятадад хүлээн зөвшөөрдөг ерөнхий боловсролын болон их, дээд сургууль Монголд олноор байгуулагдаж байна. Жил бүр 40 мянга орчим монгол хүн Хөх хот, Бээжингийн эмнэлэгт монголчуудад зориулсан хөнгөлөлттэй ханшаар эмчилгээ хийлгэхээр явдаг.
Улаанбаатарын томоохон супермаркетад орвол хямд боловч харьцангуй сайн чанарын Хятадын бараа бүтээгдэхүүний өргөн сонголт таныг угтана. Монгол эрчүүдийн уух хамгийн дуртай “Өвөө” хэмээх өндөр хатуулаг бүхий архийг энд 30-хан юаниар худалдан авч болно. Хэдхэн жилийн өмнөөс ихэнх дэлгүүр хоршоонд барааны үнийг төгрөг, юань хоёр мөнгөн нэгжээр илэрхийлдэг болсныг ч харна. Монгол эдийн засаг, улс төр, соёл урлагаас гадна байгаль орчны салбарт, тухайлбал, цөлжилттэй тэмцэхэд Хятадын туршлагаас судлах, туслалцаа авч эхлээд удаагүй байгаа. Дээрээс нь боловсон хүчний сургалт дээр ч Хятад томоохон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа аж. Ийнхүү амьдралын бараг бүх салбарт өгөөмөр баян, дур булаам Хятад “залуу”-д Монгол “бүсгүй” хөл алдах нь ойлгомжтой. “Хоёр том хөршөөсөө бусад улстай харилцаа холбоогоо өргөжүүлж бэхжүүлэх Монгол Улсын олон талт гадаад бодлого ийнхүү түүх болон үлдлээ” гэж ноён С.Каус дүгнэж байна. Гэхдээ бүх юм тийм ч гэрэл гэгээтэй байгаа юм биш, шийдвэрлэх асуудлууд зөндөө байгаа. Улаанбаатар болон бусад суурин газруудад баян, хоосны хоорондын зай улам тэлсээр хотын үгээгүй ядуучуудын нэгэн давхарга, хороолол бий болсон нь араасаа маш олон асуудал дагуулж байна. Гэхдээ хүмүүсийн сэтгэлийг хамгийн их зовоож байгаа асуудал бол Хятадын өсөн нэмэгдэж буй нөлөө бололтой. Далай ламын асуудал Хятадын бодлого, нөлөөг эсэргүүцэгч монголчуудын эгнээг нэмэгдүүлсэн нь гарцаагүй. Тэд эхний үед идэвхтэй байсан боловч улс төрийн сөрөг хүчин, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хязгаарлах эрх баригч намын бодлогын үр дүнд тэдний дуу хоолой аажимдаа сонсогдохоо больсон аж. Хэдийгээр хүний эрхийн зүтгэлтнүүд, олон улсын байгууллагууд үүнийг удаа дараа шүүмжилж, буруушаасан боловч төр засгийн хатуу бодлого нь улс оронд дэг журмыг хангаж, авилгал, хээл хахуулийг арилгасан гэж сонгогчдын ихэнх үздэг тул тэдний биднийг дэмждэг юм гэж Засгийн газрын нэгэн өндөр албан тушаалтан бидэнд ярьсан юм. Хятадын хүрээгээ тэлж буй ноёрхол, улс төрийн уур амьсгалыг эсэргүүцэж, улс төр, нийгэм, соёлын зүтгэлтнүүд Монголыг орхин явахад хүрсэн аж. Монгол дахь АНУ-ын ЭСЯ үзэж байгаагаар 2006 оноос хойш өнөөг хүртэл нийт 2 сая орчим монгол иргэн гадаадад гарсан байж магад. Тэдний дотор чадварлаг боловсон хүчин, сэхээтэн, залуучууд ихэнх нь гэнэ. Харин тэдний орон зайг Хятад болон Азийн өөр зарим орноос ирж буй ажлын хүч амархан нөхөж байна. Ид хүчээ авч буй дотоодын эдийн засгийг ажиллах хүчээр тасалдалгүй хангахын тулд Монголын төр засгаас 2011-2012 онд газрын өмчлөл, гадаадаас ажиллах хүч авах хууль тогтоомж дахь зарим хатуу шаардлагыг зөөлрүүлсэн нэлээд нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Экологийн хувьд эмзэг тогтолцоотой Монголд дэлхийн дулаарал маш хүндээр туссаар байна. Хоёр улс хот суурин газрын бохирдол, байгаль орчны цөлжилттэй хамтран тэмцэж байгаа ч баруун болон өмнөд Монголын томоохон нутаг дэвсгэрийн үр шим нөхөн сэргээх ямар ч боломжгүйгээр устаж үгүй болоод байна. Хүн ам, аж үйлдвэрийн даац төвлөрөл хэд дахин хэтэрсэн нийслэл Улаанбаатар болон бусад том суурин газарт ус, агаар хоёр хамгийн үнэтэй бараа болоод хэдэн жилийн нүүр үзээд байгаа юм байна.
Өвөрхангай аймагтай хил залгадаг Дундговь аймагт цөмийн эрчим хүчний үйлдвэр барих гэж байгаа тухай юу бодож байгааг нь Гочоогоос асуулаа. “Тэр үйлдвэр чинь эрчим хүчний чухал эх үүсвэр болно гэсэн. Тийм ч аюултай зүйл биш гэнэ лээ” гэж Гочоо хэлнэ. Тэгвэл өөр нэг хөрш аймаг болох Баянхонгорт цөмийн болон бусад хаягдал байрлуулах бүс байгуулах гэж байгаа талаар юу гэж бодож байна? “Баянхонгор бүр эзгүйрсэн гэсэн, гэхдээ ч арай хог хаядаг газар болгохгүй биз дээ”. Харин нэрээ нууцлахыг хүссэн Монголын Засгийн газрын нэгэн түшмэлийн мэдээлснээр Монгол Улс Хятадтай цөмийн болон бусад хаягдлын талаар тохиролцоонд хүрэхэд тун ойрхон, бараг дараа жилдээ багтаан гэрээг албан ёсоор үсэглэх магадлал өндөр байгааг Гочоо мэдээгүй аж. Яриа хэлэлцээрийн гол зангилаа асуудал нь хаягдал байрлуулсны хариуд Хятадаас Монголд шинээр үзүүлэх багц тусламжийн хэмжээ бололтой. Гэсэн ч монголчууд өөдрөг үзлийг баримталж байна. “Бид зөв замыг сонгосон гэдэгт эргэлзэхгүй байна” гэж УИХ-ын дарга, ноён Хүрэл Хятадад хийдэг удаа дараагийн айлчлалынхаа үеэр Бээжинд мэдэгджээ. Эдийн засгийн огцом аж үйлдвэржилт, хөгжилд ид умбаж буй нийслэл Улаанбаатарыг сүүлийн үед “бяцхан Хон-Кон” гэж хочлон нэрлэж байна. Харин ноён Северинг “Улаанбээжин” гэсэн хоч илүү зохино гэж үзэж байна гэнэ. |