262 нэр дэвшигч албан ёсоор тодорлоо (2004.06.02)

A- A A+
262 нэр дэвшигч албан ёсоор тодорлоо (2004.06.02)

262 нэр дэвшигч албан ёсоор тодорлоо (2004.06.02)

УИХ-ын 2004 оны ээлжит сонгуульд нийт ёсөн субъект /долоон нам, нэг эвсэл, бие даагч/ нэр дэвшүүлэн өрсөлдөх бөгөөд тэдгээрээс МАХН, “Эх орон-Ардчилал” эвсэл хоёр л 76 тойрогт нэр дэвшүүлсэн байна гэж Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ж.Ядамсүрэн сэтгүүлчдэд хийсэн ээлжит мэдээллийнхээ эхэнд дурдав. Түүний хэлснээс үзэхэд, нийт 339 хүний нэр дэвшснээс 262-ыг нь бүртгэж нэр дэвшигчийн үнэмлэх олгосон байна.

Залуучуудын намаас нэр дэвшсэн 62 хүнийг бүгдийг, эвслээс нэр дэвшсэн нэг, МНН-аас 11 хүн нэр дэвшснээс нэг, МУНН-ын 12 хүний хоёр, МЛН-ын найман хүний хоёр, БНН-ын 43 хүний дөрөв, бие даагч 22 хүний дөрвийг нь тус тус бүртгээгүй байна. Эдгээр нь хууль зөрчсөн, баримт материал дутуу, намын харъяаллын асуудлаа шийдээгүй болон бие даан нэр дэвшихийг дэмжсэн 801 хүний гарын үсгийг бүрэн цуглуулж чадаагүй, барьцаа өгөөгүй зэргээс шалтгаалан албан ёсоор бүртгүүлж чадаагүй ажээ.

СЕХ-ны дарга Ж.Ядамсүрэнгийн хэлснээр энэ удаагийн сонгуульд нэг тойрогт 6-7 хүн өрсөлдөх тохиолдол цөөн, ихэнх нь хоёр өрсөлдөгчтэй байна. Нийт нэр дэвшигчдийн 36 нь эмэгтэй, дундаж нас нь 43,7, хамгийн залуу нь 26, ахмад нь 63 настай байна. Тэдний дотор 35 хүртэлх насны 23, 40-50 насных 148, 50-60 насных 53, 60-аас дээш насны таван хүн байгаа аж. Нэр дэвшигчдийн 259 нь дээд боловсролтой, гурав нь тусгай дунд боловсролтой, академич хоёр, доктор 66, профессор 42 байна. Мэргэжлийн хувьд авч үзвэл хуульч 50, эдийн засагч 37, төрөл бүрийн инженер 83, багш 44, хүний эмч ес, хөдөө аж ахуй мэргэжилтэн долоо байна.

Одоо СЕХ графикийн дагуу сонгогчдыг бүртгэх, оршин суугаа газрыг нэг бүрчлэн шалгаж тогтоох, шилжилт хөдөлгөөнийг шинэчлэн баталгаажуулах ажлыг хийж эхэлсэн байна.