“Эх орон-Ардчилал” эвсэл мэдэгдэл хийв (2004.06.03)
“Эх орон-Ардчилал” эвслийн сонгуулийн төв штаб Сонгуулийн Ерөнхий хороо болон нийт сонгогчдод хандан мэдэгдэл гаргажээ. Түүнд дурдахдаа:
“УИХ-ын 2004 оны сонгуулийн үеэр гарч буй хууль бус үйлдлийн талаар сонгогч түмэнд ил тодоор танилцуулах нь зүйтэй гэж үзэж байна. МАХН-ын зүгээс явуулж буй хүчээр түрээ барих бодлого хэрээс хэтэрч, сонгуулийн сурталчилгааны тэгш нөхцөл алдагдаж, ардчилал ноцтой аюул учирч болзошгүй боллоо.
Монголын үндэсний радио, телевизээр МАХН-ын сурталчилгаа, нэвтрүүлэг хэт давамгайлж байна. Төрийн албан хаагч, ажилтнууд шахалтаар МАХН-ын сурталчилгаанд ажиллаж, үүндээ албаны унаа, гар утас, байр хөрөнгийг ашиглан ажиллах болсноор олон түмэнд хүргэх төрийн үйлчилгээ цалгардах байдал хавтгайрлаа.
Татвар төлөгчдийн мөнгө, улсын төсвөөс санхүүждэг Үндэсний радио, телевизээр явуулах нэвтрүүлгийн нэг минут тутамд нь 100 мянга, 10 минутад нэг сая төгрөг нэхэж байгаа нь ард түмэн сонгуулийн болон нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр, бусад шаардлагатай бодит мэдээлэл авах, зөв сонголт хийх боломжийг хягаарлаж байгааг эрс буруушааж байна.
Иймд хууль зөрчсөн эдгээр үйлдлийг нэн даруй зогсоож, сонгуулийг Монгол Улсын хуулийн хүрээнд шударга явуулах тэгш нөхцөл бүрдүүлэхийг СЕХ-ноос шаардаж байна” гэжээ.