Асашёорюү Д.Дагвадорж харамсал илэрхийлэв (2004.06.07)
“Мэргэжлийн сумо бөхийн холбооны дүрэмд сумоч хүн аливаа нэг зар сурталчилгаанд оролцохыг хориглосон байдаг. Зайлшгүй шаардлагатай тохиолдолд зохих журмын дагуу зөвшөөрөл авдаг байна. Гэтэл нутагтаа ирсэн их аварга маань УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаанд оролцсон нь дүрмээ зөрчсөнд тооцогдож, Асашёорюүг 500 мянган иенээр торгосон байна” гэж “Өдрийн сонин” 2004 оны зургадугаар сарын 5-ны өдрийн 140-р дугаартаа мэдээлсэнтэй холбогдуулан Асашёорюү Д.Дагвадорж “Зууны мэдээ” сонинд /¹130/ өгсөн ярилцлагадаа: “Энэ бол гүтгэлэг. Би эх орондоо ирээд Монгол Улсынхаа иргэний хувьд сонгуулийн сурталчилгаанд оролцсон. Сумо бөхийн холбоо үүнд оролцох эрхгүй. Японд сурталчилгаанд оролцсон бол өөр хэрэг. Монголынхоо хэвлэлд гүтгүүлсэндээ харамсч байна. Надаас албан ёсны мэдээлэл авч болоогүй юм байх даа” гэж хариулсан байна.