МАХН-ын Сонгуулийн штаб мэдэгдэл гаргаж, мэдээлэл хийв (2004.06.08)

A- A A+
МАХН-ын Сонгуулийн штаб мэдэгдэл гаргаж, мэдээлэл хийв (2004.06.08)

МАХН-ын Сонгуулийн штаб мэдэгдэл гаргаж, мэдээлэл хийв (2004.06.08)

МАХН-ын Сонгуулийн штаб мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд УИХ-ын сонгуульд оролцож байгаа улс төрийн нам, хүчнүүд тэдгээрийн нэр дэвшигчид улс аймгийн хөгжлийн ирээдүйд чиглэсэн тус тусын мөрийн хөтөлбөр, аймаг орон нутгийнхаа бүтээсэн болон хийж буй үйл ажиллагаагаа сонгогч иргэдэд зөв тайлбарлан таниулах хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулах ёстой билээ. Гэтэл "Эх орон-Ардчилал" эвслээс 28 дугаар тойрогт нэр дэвшигч Д.Бат-Эрдэнэ хуулийн дээрх заалтыг ноцтой зөрчиж ард түмний сүсэг бишрэлийг далимдуулан гадаад дотоодын лам нарыг урьж авчран сонгуулийн шоу хийж байгаа нь сонгогчдыг төөрөгдүүлэх хууль бус үйл ажиллагаа болж байна. Хууль бус энэ үйлдлээ таслан зогсоож, дахин хууль зөрчихгүй байж сонгуульд шударгаар оролцохыг аймгийн Ардчилсан намын хороонд мэдэгдэж байна гэжээ.

Тэрчлэн МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Идэвхтэн, нарийн бичгийн дарга Ё.Отгонбаяр нар өчигдөр сэтгүүлчдэд хийсэн мэдээлэлдээ, зарим нэр дэвшигч сонгуулийн үеэр сурталчилгааны элдэв зөрчил, бохир технологи хэрэглэж, хуурамч сурталчилгаа явуулж байгаа талаар баримт дурдан ярьжээ. Тухайлбал, сурталчилгааны материалыг урж тасдах, тугны ишийг хугалах, самбар эвдэх зэрэг үйлдэл МАХН-аас 52 дугаар тойрогт нэр дэвшигч Б.Баттулга, 53 дугаар тойрогт нэр дэвшигч Д.Цэвээнжав, 64 дүгээр тойрогт нэр дэвшигч Б.Батхишиг, 71 дүгээр тойрогт нэр дэвшигч Д.Алтай, 74 дүгээр тойрогт нэр дэвшигч Ц.Мөнх-Оргил нарын тойрогт гарчээ. 74 дүгээр тойрогт Засгийн газрын ХЭГ-ын ажилтан Цогтгэрэл гэсэн хуурамч нэрээр II хорооны Засаг дарга руу утасдаж Ерөнхий сайд Н.Энхбаяр танай хороонд очиж 35 хүнд тусламж үзүүлэх гэж байна. Бэлтгэлээ ханга гэсэн худал зар тарааж, олныг бужигнуулан үймүүлсэн байна. Иймэрхүү явдал бас МИАТ компани дээр гарчээ. 71 дүгээр тойрогт МАХН-аас нэр дэвшигч Д.Алтайн сурталчилгааны гэрийг шатаахыг оролдсон явдал гарсан байна. 37 дугаар тойрогт нэр дэвшигч До.Ганболдын сурталчилгаанд явсан дуучин Л.Байзада согтуурч хүн зодож танхайрсан. Хэнтий, Архангай аймагт архидалт болж хүн нас барсан хэмээн ярьсан байна.

Монгол кино үйлдвэрийн захирал Солонго тавдугаар сарын 31-нд Хүүхдийн баяраар хүүхдийн нэвтрүүлэг хийх гэж байна гээд хэсэг хүүхдийг эцэг, эхийнх нь зөвшөөрөлгүй авч явж, ядуу хүний дүрд тоглуулан 10 мянган төгрөгөөр юу хийх вэ гэж асуугаад, хариултыг нь зааж өгсөн бичлэг хийсэнд эцэг, эхчүүд гомдоллон МАХН-ын сонгуулийн штабт хандсан байна. Үүнийг хүүхдийн эрхийг бүдүүлгээр зөрчсөн явдал гэж МАХН үзэж байна.

МАХН-ын сонгуулийн штаб энэ бүх сөрөг үйлдлийг Сонгуулийн ерөнхий хороонд албан бичгээр мэдээлж, арга хэмжээ авахыг шаардахаа мэдэгдлээ. Өмнө нь энэ мэт хууль зөрчсөн үйлдлийг илчилж, нэг бус удаа шаардлага тавьж байсан. Хүн амины хэрэгтэй холбоотой асуудлыг аймгийнх нь цагдаагийн хэлтэс шалгаж байгаа байх гэж тэд мэдээллийнхээ эцэст онцолсон байна.