Сонгуулийн кампанийн санхүүжилтийн мониторингийн явцын тайланг олон нийтэд танилцуулав (2004.06.09)

A- A A+
Сонгуулийн кампанийн санхүүжилтийн мониторингийн явцын тайланг олон нийтэд танилцуулав (2004.06.09)

Сонгуулийн кампанийн санхүүжилтийн мониторингийн явцын тайланг олон нийтэд танилцуулав (2004.06.09)

Сонгогчдын боловсролын төв, Глоб интернэйшнл төрийн бус байгууллагаас хамтран хэрэгжүүлж буй "Сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн мониторинг" төслийн багийн гишүүд мониторингийн эхний шатны үйл явцын тайлангаа 2004 оны зургадугаар сарын 8-нд олон нийтэд танилцууллаа. УИХ-ын сонгууль товлон зарлагдсаны дараагаас буюу дөрөвдүгээр сарын 26-наас зургадугаар сарын нэгэн хүртэлх хугацааг энэ тайланд хамруулжээ.

Мониторингийг арга хэмжээ /сонгуулийн кампанийн явцад төрийн өмчийн байр, төрийн унаа, төрийн албан хаагчийг ашиглаж буй эсэхийг хянах/ болон хэвлэл мэдээллийн хэрэгсэл /сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд далд сурталчилгаа явуулж буй эсэх, сурталчилгааны тэнцвэрийг тодорхойлох, үнийн баримжааг тогтоох/ гэсэн хоёр чиглэлээр явуулсан байна. Тухайлбал хот, хөдөөгийн сонгуулийн 13 хэсэгт болсон 87 удаагийн арга хэмжээ, нийт таван телевиз /Монголын үндэсний телевиз, UBS телевиз, MN–25 суваг, TV-5, TV-9/, өдөр тутмын зургаан сонин /Өдрийн сонин, Өнөөдөр, Зууны мэдээ, Монголын мэдээ, Улаанбаатар таймс, Үнэн/, өдөр тутмын биш боловч олон хувь хэвлэгддэг дөрвөн сонин /Сэрүүлэг, Монголчуудын амьдрал, Хүмүүс, Зиндаа/ зэрэгт ажиглалт хийсэн байна.

Энэхүү мониторингийн гол зорилго нь сонгуулийн кампанит ажлын үеэр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон сонгож авсан тойрогт зохиогдох арга хэмжээнд төрийн эх үүсвэрийг ашиглаж буй эсэх, сонгуулийн сурталчилгаа тэнцвэртэй явагдаж буй байдлыг ажигласны үндсэн дээр анализ хийн хууль эрх зүйн хүрээнд цаашид боловсронгуй болгох асуудлын талаар зөвлөмж боловсруулах зорилготой ажээ. Мониторингийг хийхэд гурван багийн нийт 40 гаруй хүмүүс ажилласан байна. Багийн гишүүд нь олон улсын сургалтад хамрагдсны зэрэгцээ шаардлагатай бүхий гарын авлага, материалаар хангагдсан гэж төслийг хэрэгжүүлэгчид ярьлаа.

Мониторингийг хийхдээ УИХ-ын сонгуулийн тухай, Авилгалын тухай, Төрийн албаны тухай, Улс төрийн намуудын тухай, Зар сурталчилгааны тухай зэрэг Монгол Улсын хуулиудын холбогдох заалтуудад үндэслэсэн бөгөөд эдгээр хууль тогтоомж хэрхэн үйлчилж буй болон зөрчигдөж байгааг хянаж баримтжуулсан болохоо төслийг хэрэгжүүлж буй Сонгогчдын боловсрол төв, Глоб интернэйшнл ТББ-уудын төлөөлөгчид мэдэгдлээ. Мониторинг 2004 оны УИХ-ын ээлжилт сонгууль дуустал үргэлжлэх юм байна.

Сонгогчдын нийтлэг эрх ашгийг хөндсөн асуудалд мониторинг хийж буй явдал нь ардчилсан нийгэм дэх олон нийтийн оролцооны нэг хэлбэр юм. Тийм болохоор энэ үйл явцын талаарх мэдээллийг олон нийтэд түгээх явдал эдүгээ нэлээд тулгамдсан зорилт болоод байна гэж Сонгогчдын боловсрол төвийн захирал Р.Бурмаа үзэж байна. Тэрбээр энэ тайлангийн мэдээллийг аль болох олон хүнд хүргэхэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг дэмжиж ажиллахыг хүсээд тэднийг сонгогчдыг бодит мэдээллээр хангах үүргээ гүйцэтгэнэ гэдэгт найдаж буйгаа уулзалтын төгсгөлд онцоллоо. Төслийн хэрэгжүүлэхэд Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэн дэмжлэг үзүүлжээ.

“Сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн мониторинг төслийн явцын тайлан”-г дэлгэрэнгүйгээр нь энд дарж үзнэ үү.