Нэр дэвшигч Р.Гончигдорж, Да.Ганболд нарын сонгуулийн менежерүүд эсэргүүцэл илэрхийлсэн байна (2004.06.09)
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга.сонгуулийн ерөнхий менежер Д.Идэвхтэн, нарийн бичгийн дарга, сонгуулийн менежер Ё.Отгонбаяр нар хэвлэлийн бага хурал хийлгэж, "Эх орон-Ардчилал" эвсэл сонгуулийн сурталчилгаандаа бохир технологи хэрэглэж байна хэмээн мэдээлсэнтэй холбогдуулан зарим нэр дэвшигчийн сонгуулийн менежерүүд мэдэгдэл хийжээ.
Тухайлбал, тус хэвлэлийн бага хурал дээр "УИХ-ын сонгуульд эвслээс нэр дэвшигч Да.Ганболдын тойрогт Ардчилсан хүчнийхэн залуучуудыг архидуулснаас Дэлгэрхаан сумын хоёр иргэн хоорондоо зодолдож амь насаа алдлаа, мөн ийм явдал УИХ-ын дарга асан Р.Гончигдоржийн тойрог Архангай аймгийн Их тамир суманд болсон тухай орон нутгаас мэдээ ирүүлсэн" гэсэн мэдээллүүдэд дурдагдсан нэр дэвшигчдийн сонгуулийн менежерүүдээс “Өдрийн сонин” /¹143-144/ тодруулга авсан байна.
УИХ-ын сонгуулийн 50 дугаар тойрогт нэр дэвшигч Даваадоржийн Ганболдын сонгуулийн кампанийн Ерөнхий менежер Д.Ганбат Хэнтий аймаг дахь МАХН-ын сонгуулийн штабыг шүүхэд өгнө гэж мэдэгдээд энэ бол нэр дэвшигч Даваадоржийн Ганболдын нэр төрийг санаатайгаар унагахыг оролдсон, улс төрийн зорилго бүхий гүтгэлэг гэж үзэж байна. Үнэн хэрэгтээ бол нэр дэвшигчийг тойрогтоо очиж ажиллахаас өмнө ийм явдал болсон бөгөөд тэр үед Даваадоржийн Ганболд тэр аймаг, суманд байгаагүй, ямар нэгэн шоу наадам зохион байгуулаагүйг бүгд гэрчилнэ. Бид сонгуулийн ажлаа албан ёсоор 5 дугаар сарын 28-наас нээсэн. Ийм зүйлээр гүтгэж, хүний нэр хүндийг гутаахыг оролдож байгаа нь дэндүү явуургүй юм. Хэнтий аймгийн Цагдаагийн хэлтсийн дарга Сонгуулийн Ерөнхий хорооны гишүүн, Цагдаагийн Ерөнхий газрын дарга Д.Сандаг-Очир генералд "Дэлгэрхаан суманд гарсан хүн амины хэрэгт нэр дэвшигч Да.Ганболд ямарч холбогдолгүй болохыг тогтоосон" талаар мэдээлсэн гэж тэрбээр ярьжээ.
"Эх орон-Ардчилал" эвслийн Хэвлэл, мэдээллийн албаны ажилтан Ш.Батбаяр ярилцлагадаа, УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрогт "Эх орон-Ардчилал" эвслээс нэр дэвшсэн Р.Гончигдорж сурталчилгааныхаа ажлаар Архангай аймагт ажиллаж байгаа. Гэхдээ сонинд бичсэнчлэн шоу зохион байгуулж, залуусыг архидуулсан зүйл ерөөсөө болоогүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Тэрбээр энэ бол МАХН-аас зохион байгуулалттайгаар хийж буй ээлжит дайралт гэж үзэж буй ажээ.