Шүүхийн хууль ёсны шийдвэрийг үл хүндэтгэсэн гэж “Эх орон-Ардчилал” эвсэл үзэж буй ажээ (2004.06.11)
"Эх орон - Ардчилал" эвсэл бас нэг мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд:
“Сонгуулийн 57 дугаар тойрогт нэр дэвшигч Хашбатын Хуланг бүртгэж, УИХ-д нэр дэвшигчийн үнэмлэх олгохоос татгалзсан тойргийн хорооны шийдвэрийг Баянзүрх дүүргийн шүүх хэлэлцээд уг шийдвэрийг хууль зөрчсөн гэж тогтоон хүчингүй болгосон. Гэтэл СЕХ-ны нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар, 57 дугаар тойргийн хорооны дарга Р.Наранцэцэг нар парламентын сонгуулийн үйл ажиллагааг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хуулийн дагуу зохион байгуулж явуулах, нэр дэвшигчдэд ижил тэгш нөхцөлийг ханган үйлчлэх үндсэн үүрэгтэй атлаа Монгол Улсын иргэнд Үндсэн хуулиар олгогдсон төрийн эрх барих байгууллагад сонгох, сонгогдох эрх, эрх чөлөөг хязгаарлах оролдлого хийж, олон нийтэд ташаа мэдээлэл түгээж байгааг эрс эсэргүүцэн буруушааж байна. СЕХ-ны нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар нь иргэд шүүх, хуулийн өмнө эрх тэгш байх, шүүхийн шийдвэрийг сонгуулийн дүн гарсны дараа хяналтын шатны шүүхээр хүчингүй болгуулна гэж мэдэгдэж, шүүх засаглалын бүрэн эрхэд бүдүүлгээр халдан шүүхээс гаргах шийдвэрт хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдож байгаа нь Үндсэн хуулийн заалт, үзэл санаанд шууд харшилж байна.
Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхийг хангах биш, хязгаарлахыг чармайж, шүүхийн хууль ёсны шийдвэрийг үл хүндэтгэж байгаа Ж.Сүхбаатар СЕХ-нд, Р.Наранцэцэг Сонгуулийн тойргийн хорооны даргаар тус тус ажиллах ёс суртахууны эрхгүй гэж үзэж албан тушаалаас нь нэн даруй чөлөөлөхийг СЕХ, холбогдох албан тушаалтнаас албан ёсоор шаардаж байна. Хэрэв тэдэнд холбогдох арга хэмжээ авахгүй бол тэдний хууль бус үйл ажиллагааг дэмжсэн СЕХ-ны албан ёсны байр суурь хэмээн үзэхэд хүргэх бөгөөд сонгууль шударга, хуулийн хүрээнд явагдана гэдэгт эргэлзээ төрүүлэх болно” гэжээ.