МАХН-ын сонгуулийн комисс мэдэгдэл гаргажээ (2004.06.14)
МАХН-ын сонгуулийн төв комисс мэдэгдэл гаргажээ. Зууны мэдээ сонинд /146, 2004-06-14/нийтлэгдсэн уг мэдэгдэлд "Өдрийн сонин" энэ оны зургадугаар сарын 9-ний дугаартаа "Эрх баригчид телевизийн сурталчилгааны 81 хувь, радиогийн 96 хувийг дагнан эзэгнэжээ" гэсэн гарчигтай "Одоогийн байдлаар МАХН бүх төрлийн ил далд сурталчилгаанд нэг тэрбум 460 сая төгрөг зарцуулаад байна. Харин "Эх орон-Ардчилал" эвсэл 146 сая, бусад нам 87.1 сая, бие даагчид 10.7 сая төгрөг зарцуулжээ" гэж илэрхий мушгин гуйвуулсан зүйлийг олон улсын болон сонгогчдын байгууллагын нэр барин бичжээ.
МАХН УИХ-ын сонгуулийн тухай Монгол Улсын хуулийн дагуу сурталчилгааны ажлаа зохион байгуулж, Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан хуваарийн дагуу радио телевизийн сурталчилгааг хийж байна. МАХН тус намаас нэр дэвшигчдээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр зохих журмаар сурталчилж, сурталчилгааны самбар байрлуулж, танилцуулга, ухуулах хуудас тарааж сурталчилгааг ил тод, улс төрийн өндөр соёлтой хийж байгаа билээ. Гэтэл "Эх орон-Ардчилал" эвслийн зүгээс сонгуулийн сурталчилгааны уламжлалт соёлтой хэлбэрүүдийг ашиглахаас зайлсхийж, хөрөнгө мөнгөгүй, эрх мэдэлгүй мэт байдал үзүүлж сонгогчдоор өрөвдүүлэх бодлого барьж, нөгөө талаар сонгуулийн сурталчилгааг далд аргаар өндөр өртөгтэй явуулж байгаа нь нууц биш юм. Тэд нэр дэвшигчдээ сурталчлах ажилд өндөр үнэтэй үзвэрийн билет тараах, нэг сард 50-100 мянган төгрөгөөр цалинжуулах, сонгогчдыг архидуулах, хооллож ундлах, мөнгө тараах, машин мотоцикль тавьж "Миний төлөө саналаа өгвөл энэ машин мотоцикль танайх, танай байгууллагынх болно" гэх мэтээр ихээхэн хөрөнгийг далдуур тарааж хууль зөрчин, санал худалдаж авах маягаар сурталчилгаа хийж буйг олон нийт харж байгаа билээ. Гэтэл энэ бүхнийг дурдалгүй зориуд орхигдуулсан, нэг талыг барьсан материалыг тарааж, сонгогчдыг төөрөгдүүлэхийг чармайж буй нь явуургүй арга гэж МАХН-ын сонгуулийн комисс үзэж байна.
МАХН сонгуулийн сурталчилгаандаа улсын төсвийн болон олон улсын зээл, тусламжийн хөрөнгөөс ямар нэгэн байдлаар авч ашиглаагүйгээ хариуцлагатай мэдэгдэж байна. Сонгуулийн зардлыг МАХН-ын гишүүд, дэмжигчдийн татвар, хандивын болон өөрийн хөрөнгийг ашигласны орлогоос санхүүжүүлж байгаа бөгөөд сонгуульд нийт зарцуулсан хөрөнгийн мэдүүлгээ зохих хууль, журмын дагуу Сонгуулийн ерөнхий хороо болон сонгогч олон түмэнд тайлагнах болно гэжээ.