Сант маралын судалгаагаар Эвслийн рейтинг өсч, МАХН-ынх буурчээ (2004.06.15)
"Сант марал" судалгааны сангаас Монголын нийгэм, улс төр, эдийн засгийн байдалд 2004 оны тав, зургадугаар сард хийсэн олон нийтийн санал бодлын судалгаагаа олон нийтэд толиулсан байна. Судалгаанд Улаанбаатар, Налайх, Багануур, Ховд, Хөвсгөл, Төв, Сүхбаатар, Өмнөговийн 2170 иргэнийг хамруулжээ.
Энэ судалгааг 2004 оны тавдугаар сарын 30-наас зургадугаар сарын 7-ны хооронд хийжээ.
Судалгааг өнгөрсөн гуравдугаар сарынхтай харьцуулахад "Эх орон-Ардчилал" эвслийн рейтинг өсч эрх баригч намынх буурах хандлага ажиглагдаж байгаа ажээ. Түрүүчийн судалгаагаар МАХН-ын рейтинг 50 гаруй хувьтай, харин эвслийнх 28 орчим байсан билээ. Одоо МАХН-ын нийт рейтинг 47, эвслийнх 36 болжээ.
Судалгаанд оролцогчдын 71 хувь нь МАХН-ын сонгуулийн сурталчилгаа илт давуу байгааг хүлээн зөвшөөрсөн байна.Хот, хөдөөгийн 10 улстөрчийн гурав нь МАХН, долоо нь ардчилсан хүчнийх байгаа аж. Улс орондоо нэр хүндтэй хүмүүсээс хэнийг нь манай орны улс төрийн амьдралд чухал үүрэг нөлөөтэйгөөр оролцоосой гэж хүсдэг вэ гэсэн асуултад судалгаанд оролцогчид МАХН-аас Н.Энхбаяр, Н.Багабанди, Ч.Улаан, Ц.Нямдорж, ардчилсан хүчнийхнээс Р.Гончигдорж, Ц.Элбэгдорж, М.Энхсайхан, Л.Гүндалай, С.Оюун, Б.Жаргалсайхан нарыг нэрлэжээ.
Засгийн газрын үйл ажиллагаа сэтгэлд их нийцдэг гэсэн үнэлгээг оролцогчдын дөнгөж есөн хувь нь өгсөн байхад нэлээд нийцдэг гэж 47, бараг нийцдэггүй хэмээн 34 хувь нь үзжээ. Судалгаанд хамрагдагчдын таван хувийн сэтгэлд Засгийн газрын үйл ажиллагаа огт нийцээгүй байна.
Монголын өнөөгийн улс төрийн байдалд судалгаанд оролцогчдын 32 хувь нь тааруу, зургаан хувь нь муу үнэлгээ тавьжээ.