Зургадугаар сарын 15-наас хойш нэр татахыг хоригложээ (2004.06.15)

A- A A+
Зургадугаар сарын 15-наас хойш нэр татахыг хоригложээ (2004.06.15)

Зургадугаар сарын 15-наас хойш нэр татахыг хоригложээ (2004.06.15)

Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ)-ноос өчигдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулж УИХ-ын ээлжит сонгуулийн кампанит ажлын явц байдлын талаар мэдээллээ. Тус хорооны дарга Ж.Ядамсүрэнгийн мэдээлснээр УИХ-ын сонгуулийн тойрог, салбар, хэсгийн хороодод нийт 16500 орчим хүн ажиллаж байгаа бөгөөд сонгогчдын нэрсийн жагсаалтыг бүрэн гаргаж сонгогчийн үнэмлэхийг тараах ажил үндсэндээ шувтарч буй аж. Санал хураахаас тав хоногийн өмнө шаардлагатай газруудад нэмэлт хэсгийн хороод байгуулах гэнэ. Сонгуульд МАХН, "Эх орон-Ардчилал" эвслээс тус бүр 76 нэр дэвшигч өрсөлдөж байгаа. Харин Монголын ногоон нам 10 хүний нэр дэвшүүлснээс найм нь, Монголын уламжлалын нэгдсэн намын 13 нэр дэвшигчийн ес нь, Монголын үндэсний эв нэгдлийн намын 28 нэр дэвшигчийн 26 нь, Монголын либерал намын найман нэр дэвшигчийн дөрөв нь, Бүгд найрамдах намын 43 нэр дэвшигчийн 35 нь, бие даагч 22 хүний 15 нь нэрсийн жагсаалтад үлдэн бусад нь нэрээ татжээ. Зургадугаар сарын 15-наас хойш нэр татахыг хоригложээ. Өчигдрийн байдлаар УИХ-ын сонгуулийн 76 тойрогт 249 хүн өрсөлдөхөөр жагсаалтад оржээ. Ихэнх тойрогт хоёроос гурван нэр дэвшигч өрсөлдөх бол долоон нэр дэвшигч бүртгүүлсэн тойрог хамгийн олон өрсөлдөгчтэйд тооцогджээ.

Энэ удаагийн сонгуульд сонгогчид сонгогчийн үнэмлэх, иргэний үнэмлэх, цэргийнхэн бол цэргийн албан хаагчийн хувийн үнэмлэх гэсэн баримт бичгүүдийг бүрдүүлэн саналаа өгөх юм байна. Харин 1999 оноос хүчингүй болсон иргэний улаан паспортыг үндсэн бичиг баримтад тооцохгүй аж. Монгол Улсын 70-80-аад мянган иргэн гадаадад ажиллаж сурч байгаа ч санал хураах өдөр эх орондоо байгаа хүн л сонгуульд оролцох эрхтэй тул тэд сонгуулийн гадна үлдэхээр болжээ.

Улсын иргэний бүртгэл мэдээллийн газрын дарга А.Энхжавын мэдээлснээр Мон-гол Улс 16-аас дээш насны нэг сая 476829 иргэнтэй,18-аас дээш насны буюу сонгуулийн насны иргэд нэг сая 437167 байдаг аж. Сонгуультай холбогдуулан иргэний үнэмлэхээ солиулаагүй, хаягийн зөрчилтэй зэрэг иргэдэд үйлчлэх зорилгоор Иргэний бүртгэл мэдээллийн албад амралтын өдрүүдийг оролцуулан 24 цагаар ажиллаж байгаа гэнэ. Зургадугаар сарын 5-наас гээгдүүлсэн бичиг баримтыг цуглуулах цэгтэй болсон нь үр дүнгээ өгч эхэлжээ. Энд олдсон бичиг баримтыг хаягаар нь хөөн эзэнд нь ямар нэг төлбөр торгуульгүй буцаан олгож байгаа юм байна. Санал хураалтад зургадугаар сарын 27-ноос өмнө 18 нас хүрсэн иргэд оролцох эрхтэйг санууллаа.