Р.Будыг нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас хасах үндэслэлгүй гэж үзжээ (2004.06.17)
Сонгуулийн Ерөнхий хорооны (СЕХ) хуралдаан болж, УИХ-ын сонгуулийн 31 дүгээр тойрогт МАХН-аас нэр дэвшигч Р.Будыг нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас хасуулах тухай Ардчилсан намаас Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлсэн гомдлыг хэлэлцэв.
СЕХ-ны дарга Ж.Ядамсүрэн хэлэлцэж байгаа асуудлаар Ардчилсан нам болон МАХН-аас ирүүлсэн холбогдох бичиг баримт мөн түүнчлэн нэр дэвшигч Р.Будтай биечлэн уулзаж шаардлагатай мэдээлэл авсан тухай танилцуулав.
СЕХ энэ асуудлыг хэлэлцээд нэр дэвшигч Р.Будыг нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас хасах үндэслэлгүй гэж үзлээ.
Мөн УИХ-ын 2004 оны сонгуулийн сонгогчдын нэрсийн жагсаалтыг нэгтгэсэн дүнг хэлэлцэв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Иргэний бүртгэл мэдээллийн Улсын төвийн дарга А.Энхжав иргэний үнэмлэх олгох ажлын явцын талаар танилцууллаа. Иргэний бичиг баримтаа цаг хугацаанд нь солиулж амжаагүй, сонгуулийн насны иргэдийн сонгох эрхийг бүрэн хангах, сонгуульд тэдний оролцоог өргөжүүлэх зорилгорр СЕХ иргэний үнэмлэхээ солиулаагуй хүмүүст УИХ-ын 2004 оны сонгуульд паспортоор саналаа илэрхийлэх боломж олгов гэж СЕХ-ноос мэдээлсэн байна.