"Эх орон-Ардчилал" эвсэл мэдэгдэл гаргав (2004.06.17)

A- A A+

"Эх орон-Ардчилал" эвсэл мэдэгдэл гаргав (2004.06.17)

"Эх орон-Ардчилал" эвсэл Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ж.Ядамсүрэнд хандан мэдэгдэл гаргасан байна. Мэдэгдэлд:

"2004 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа хэт нэг талыг барьсан, эрх мэдэл, хөрөнгө мөнгөөр түрэмгийлсэн хэлбэрээр явагдаж буй талаар "Эх орон-Ардчилал" эвслийн төв штабаас өмнө нь удаа дараа мэдэгдэж байсан.

Гэтэл сонгуулийн үйл ажиллагаанд хяналт тавьж, эрх тэгш, тэнцүү явагдах нөхцөлийг бүрдүүлэх үүргийг хүлээсэн СЕХ дээрх зөрчлүүдэд идэвхгүй байр сууринаас хариуцлагагүй хандаж байгааг эрс буруушааж байна.

Монголын нээлттэй нийгэм хүрээлэн (Соросын сан), Глоб интернэйшнл зэрэг хэд хэдэн төрийн бус байгууллагуудын явуулсан судалгааны дүн нь "Эх орон-Ардчилал" эвслийн зүгээс сонгуулийн талаар хийж байсан мэдэгдлүүдийг улам баталж, МАХН телевизийн сурталчилгааны 81 хувь, радиогийн 91 хувийг дангаараа эзэгнэж, ил дапд сурталчилгаандаа нэг тэрбум 460 сая төгрөг зарцуулан 500 гаруй төрийн албан хаагчид МАХН-ын нэр дэвшигчдийн төлөө үйлчилж, төрийн ажил үйлчилгээг цалгардуулж байгааг нотолсон байна.

Засгийн газар шав тавих, тууз хайчлах ёслолд дарагдан, гаргаж байгаа зарим шийдвэр нь сонгуулийн ажиллагаанд нөлөөлөхүйц хэмжээнд хүртэл байгааг анхааралдаа авна уу.

БНХАУ-ын Засгийн газартай байгуулсан хэлэлцээрийн дагуу 1992 оноос эхлэн хилийн түр боомтыг тухайн оны долдугаар сарын 1-нээс нээн ажиллуулж байсан билээ. Гэтэл 2004 онд хилийн түр боомтуудыг УИХ-ын сонгууль явуулах өдрөөс өмнө буюу зургадугаар сарын 20-ны өдөр нээхээр шийдвэрлэсэн нь сонгогчдын зохиомол шилжилт хөдөлгөөнийг үүсгэж улмаар сонгогчдын Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэх боломжийг алдагдуулах нөхцөлийг үүсгэж байгааг даруй зогсоохыг Засгийн газар, туүний холбогдох байгууллагуудаас шаардах нь зүйтэй байна" гэжээ.