«Эх орон –Ардчилал» эвсэл хууль зөрчсөн үйлдлийн талаарх нотлох баримт бүхий мэдээлэл авна гэж мэдэгдлээ (2004.06.18)
“Эх орон –Ардчилал” эвслийн сонгуулийн төв өчигдөр хэвлэлийн бага хурал хийлгэж УИХ-ын сонгуулийн сурталчилгаа хүч тэнцвэргүй байдалтай явагдаж, өрсөлдөгч хүчний зүгээс хууль зөрчсөн, бохир аргыг удаа дараа хэрэглэж байна гэж мэдэгдлээ.
Тус эвслийн сонгуулийн штабын дарга П.Цагаан хэлэхдээ, эрх баригч МАХН-ынхан 2000 оны сонгуулиар ярьж байсан тэр л зүйлүүдээ одоо ч давтаж байна. Тэд эвслийнхэн засгийн эрхэнд байхдаа идэж уусан, банк дампууруулсан гээд л хүчтэй сурталчилж гарч ирсэн. Энэ нь үнэн байсан юм бол өнгөрсөн дөрвөн жилд хариуцлага тооцох боломжтой байсан шүү дээ. Сонгогчид эрх баригчид юу гэж амлаад юу нь биелсэн, одоо юу амлаж байгааг ялгаж ойлгоно гэж өгүүлсэн байна.
МАХН ялахын тулд өрсөлдөгчөө дайснаа гэж бодоод байх шиг. Угтаа бол монголчуудын дайсан бол ажилгүйдэл, ядуурал, авилгал юм гэж П.Цагаан хэвлэлийн бага хурал дээр хэлсэн байна. Хяналтгүй төрийн байдал иймэрхүү л байна. Тиймээс шинэ сонголт хийх хэрэгтэй хэмээн тэрбээр үзэж байна.
“Эх орон - Ардчилал” эвслийн сонгуулийн штаб хэвлэлийн бага хурлын үеэр булхайтай, хууль зөрчсөн үйл ажиллагааны талаарх бодит, нотлох баримттай мэдээлэл олсон сэтгүүлчид болон сонгогчдыг 10-500 мянган төгрөгөөр шагнаж урамшуулна гэж мэдэгдсэн байна. Ийм мэдээллийг зургадугаар сарын 28 хүртэл тус эвслийн төв байранд буюу 329147 дугаарын утсаар, 326833 дугаарын факсаар хүлээн авах ажээ.