Сонгуулийн өмнөх зарим судалгаа (2004.06.21)

A- A A+
Сонгуулийн өмнөх зарим судалгаа (2004.06.21)

Сонгуулийн өмнөх зарим судалгаа (2004.06.21)

Сонгуулийн кампанит ажил дуусах шатандаа орж буй энэ үед зарим байгууллага судалгаа хийжээ.

“Зууны мэдээ” сонинд ¹141-д мэдээлснээр, /2004-06-19/ Нийгэм, улс төрийн судалгааны "Прогноз" хүрээлэн сонгуулийн кампанит ажил эхэлснээс хойш улс төрийн нам, эвслийн рейтингийг тогтоох судалгааг улсын хэмжээнд хоёр удаа явуулсан байна. Тус хүрээлэнгийн захирал П.Эрдэнэчимэгийн ярьснаар, эхлээд тавдугаар сарын 20-27-нд 13800 хүн оролцуулан, дараа нь энэ сарын 5-10-нд дахин судалгаа хийж 20 орчим мянган хүнийг хамруулжээ. Дээрх хоёр судалгааг сонгуульд оролцож буй улс төрийн намуудын рейтингийг тодорхойлох, нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг олон нийт хэрхэн хүлээн авч буйг гаргах зорилгоор явуулж, анкетийн аргаар хийсэн байна. Ингэхэд МАХН 48,5 хувь, "Эх орон-Ардчилал" эвсэл 32,1 хувь, БНН 2,2 хувь, МУНН 1,2 хувь, МҮЭНН 1,5 хувийн рейтингтэй байна. Судалгаанд оролцогчдын 15 хувь нь аль намд санал өгөхөө мэдэхгүй байна хариулсан байна.

"Универсал" ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Туул ярьснаар тус компанийн дэргэдэх судалгааны төвөөс УИХ-ын сонгуульд намуудын ерөнхий рейтинг, сонгуулийн сурталчилгаа, мэдээлэл ямар сувгаар сонгогчдод илүү их хүрч байгааг тодруулах зорилгоор энэ оны тавдугаар сарын 28-наас энэ сарын 15-ны хооронд социологийн судалгаа хийсэн байна. Санамсаргүй түүврийн аргаар 7000 хүнийг сонгон судалгааг явуулахад, судалгаанд оролцогчдын 50,82 хувь нь МАХН-ыг, 36,45 хувь нь "Эх орон-Ардчилал" эвслийг, 6,4 хувь нь БНН-ыг, 2,49 хувь нь бие даан нэр дэвшигчдийг, 1,86 хувь нь МҮЭНН-ыг, 0,68 хувь нь МУНН-ыг, 0,71 хувь нь Монголын ногоон намыг, 0,59 хувь нь Монголын либерал намыг дэмжсэн санал өгсөн аж.