“Эх орон –Ардчилал” эвслийн сонгуулийн штаб мэдэгдэл хийлээ (2004.06.22)
“Эх орон –Ардчилал” эвслийн сонгуулийн төв штаб мэдэгдэл гаргасан байна. Уг мэдэгдэлд дурдахдаа:
“Энэ сонгуульд шударгаар өрсөлдөхийг хамгийн түрүүнд уриалсан МАХН өнгөрсөн хугацаанд “Эх орон – Ардчилал” эвслээс нэр дэвшигчдийг гүтгэн гүжирдэж, гутаан доромжлох ажиллагааг системтэйгээр нарийн дэс дараалалтай явуулж ирлээ.
Ялангуяа Хөвсгөл аймгийн 48 дугаар тойрогт МАХН-аас нэр дэвшигч УИХ-ын гишүүн Л.Цэрэнжав сонгууль зарласан эхний өдрөөс эхлэн "Эх орон-Ардчилал" эвслээс нэр дэвшигч, УИХ-ын гишуүн Б.Эрдэнэбатын эсрэг элдэв төрлийн гүтгэлэг бүхий ухуулах хуудсыг удаа дараа тарааж "Сэрүүлэг", "Ноцтой мэдээ", "Монгол араншин" зэрэг сонинд УИХ-ын гишүүн Б.Эрдэнэбатын нэр хүндэд ноцтой халдсан гүтгэлэг дайралтуудыг захиалгаар нийтлүүлэн олон мянган хувь хэвлүүлж, түүнийгээ 48 дугаар тойргийн айл өрх бүрт түгээж эхэллээ. Сонгуулийн хугацаа ойртох тусам МАХН-ын сонгуулийн штаб болон нэр дэвшигч Л.Цэрэнжавын зүгээс тарааж буй гүтгэлэг доромжлол улам эрчимжиж, хэрээс хэтрэн монгол хүний ой тойнд багтамгүй хэмжээнд хүрч байгаа тул УИХ-ын гишүүн Б.Эрдэнэбатын сонгуулийн штаб Сонгуулийн ерөнхий хороо, нийт ард түмэндээ хандах нь зүйтэй гэж үзлээ гээд тухайлбал, зургадугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Рашаант суманд Ерөнхий сайдын гэргий, хатагтай О.Цолмон уулзалт хийхдээ "...нэр дэвшигч Б.Эрдэнэбатын бие хамгаалагч хүн буудаж алсан. Хүн буудуулж алуулсан хүнийг сонгож болохгүй. Тун удахгүй цагдаа баривчилна..." гэсэн ноцтой гүтгэлгийг нийтэд тараалаа. Мөн зургадугаар сарын 19-ний өдөр МАХН-аас нэр дэвшигч Л.Цэрэнжав Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд уулзалт хийх үеэр тус сумын иргэн Галдангийн Батбаярыг "...Та нар яагаад хүмүүсийг хүчээр намд элсүүлээд байгаа юм бэ? Би ардчилсан үзэлтэй хүн" гэж хэлсний төлөө цагдаа дуудаж баривчлуулан гарыг нь гавлан гэмтээж, түүнийг дэмжиж алга ташсан тус сумын бага эмч Эрдэнэбаярыг хурал дууссаны дараа сумынхаа хэсгийн төлөөлөгчөөр дуудуулан байцаалт авсан байна. Тосонцэнгэл сумын Засаг дарга П.Дашзэвэг "... нэр дэвшигч Б.Эрдэнэбат гэмт хэрэгтэн. Одоо хотод очих л юм бол баривчилна" гэсэн үгийг эрээ цээргүй ил тод ярьж байна.
Бид Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийг бүхнээс дээдлэн хүндэлж байгаа бөгөөд Хөвсгел аймгийн 48 дугаар тойрогт МАХН-аас нэр дэвшигч Л.Цэрэнжавын сонгуулийн штаб, түүнийг дэмжигч Ерөнхий сайдын гэргий О.Цолмон нарын гүтгэлгийг хууль хяналтын байгууллага, Сонгуулийн ерөнхий хороо нэн даруй анхааралдаа авч зохих арга хэмжээ авна гэдэгт итгэлтэй байна. Бид өөрт олгогдсон үндсэн эрхийнхээ хүрээнд хүний амь хороосон гэх ноцтой гүтгэлгийн дагуу хууль, хяналтын байгууллагад хандах болно гэдгийг мэдэгдье” гэжээ.