МАХН-ын Сонгуулийн төв штаб сэрэмжлүүлэг гаргажээ (2004.06.23)
МАХН-ын Сонгуулийн төв штаб сэрэмжлүүлэг гаргажээ. “Зууны мэдээ” сонины 144-145 дугаарт нийтлэгдсэн уг сэрэмжлүүлэгт:
“Сонгуулийн өдөр ойртох тусам МАХН-ын нэр дэвшигчийн сонгуулийн кампанит ажлын эсрэг чиглэсэн сөрөг хүчний увайгүй ажиллагаа улам бүр идэвхжиж байна. Тухайлбап, зарим нэг хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулах боллоо. Тодруулбал, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төвд зургадугаар сарын 19-нд нэр дэвшигч Б.Шатарын ерөнхий менежерийн сурталчилгааны машины дугуйны боолтыг тайлж осол гарах нөхцөлийг бүрдүүлсэн, Баян-Өлгий аймагт МАХН-ын нэр дэвшигчиин сурталчилгааны ажилтан Н.Ерболатыг зодсон зэрэг хэрэг гараад байна.
Мөн сонгогчдын саналыг худалдан авах, сонгогчдыг хуурч мэхлэн, төөрөгдүүлэх оролдлого ч газар авах төлөвтэй байна, Олон хүүхэдтэй айлуудад "Ирээдүй сангийн үнэмлэх", "Батламж" гэгчийг мөнгөтэй хамт зургадугаар сарын 23-25-нд Өвөрхангай, Орхон аймагт тараахаар бэлтгэж байгаа тухай мэдээ ирээд байна. Хөвсгөл, Дархан-уул аймагт "Эх орон-Ардчилал" эвслээс нэр дэвшигчид голын эрэг, модны хормойд гэр, майхан барин хонь, ямаа боон сонгогчдыг архидуулан хордуулах явдал гарсаар байна. Түүнчлэн эвслээс сонгуулийг будлиантуулах оролдлого хийхээр зэхэж байгаа тухай мэдээлэл ч орон нутгаас ирж байна.
Үүнээс гадна саяхан гэрчилгээ авсан "Гончигдорж сан" төрийн бус байгууллагын гэрчилгээний хуулбарыг жаазлан УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрогт хамаарах багуудад "Ирээдүй сан"-гаас олгох итгэлийн мөнгөний баталгаа болгон тарааж олон түмнийг төөрөгдүүлэхийг оролдож байна.
Санал өгсөн тухай тэмдэглэгээг хуруу хумсны завсарт биш, харин хумсны үзүүрт хийлгэж түүнийгээ арилгаж дахин сонгууль өгүүлэх 10 хүний санал зохион байгуулж, өгүүлсэн хүнийг 5000 төгрөгөөр шагнах тухай зар тарааж сонгогчдод эд зүйл, мөнгө тараахын зэрэгцээ сонгогдвол машин, мотоцикль, ээмэг, бөгж гэх мэт үнэт зүйл өгнө хэмээн амлаж байна. УИХ-ын 25, 36 дугаар тойрогт "Эх орон-Ардчилал" эвслээс нэр дэвшигчид сонгогчдыг тойрогтоо санал өгүүлэхээр тойрон аялал нэрийн дор Улаанбаатар хотоос олон автобусаар авч явахаар бэлтгэж байна.
Ийм маягийн хууль зөрчсөн хуурч мэхлэх төөрөгдүүлэх санал худалдаж авах гэсэн үйлдлүүдэд автахгүй байхыг нийт сонгогчид хандан сэрэмжлүүлж байна" гэжээ.