Эвсэл Сонгуулийн Ерөнхий хороонд шаардлага хүргүүллээ (2004.06.23)
"Эх орон-Ардчилал" эвслийн сонгуулийн төв штабаас СЕХ-нд хандан өчигдөр шаардлага хүргүүлсэн байна. “Монголын мэдээ” сонины 123 дугаарт нийтлэгдсэн уг бичигт:
“НЭГ. УИХ-ын Сонгуулийн тойрог, хэсгүүдийн сонгогчдын нэрсийн жагсаалт, хүн амын бүртгэл, сгатистик мэдээ хоорондоо маш их зөрж байна. Үүний учрыг олж, сонгогчдын бүртгэлийг нам, эвслийн ажиглагчдыг байлцуулан албан ёсны болгож, тухайн тойрогт нэр дэвшигчдэд мэдэгдэх арга хэмжээ яаралтай авах.
ХОЁР. Эрх баригчдын үзэмжээр байгуулагдсан сонгуулийн тойрог, хэсгүүдэд, сонгогчдын бүртгэл, үнэмлэх олгох ажил эмх замбараагүй, хяналтгүй явагдаж байна. Тухайлбал, 62 дугаар тойрогт сонгогчийн овог нэрийг бичээгүй үнэмлэх тараажээ. Энд жишээ болгож шилжүүлэг хийсэн үнэмлэхүүдийн хуулбарыг хүргүүлэв. Сонгуулийн байгууллагуудын үйл ажиллагааг хяналттай болгох шаардлага амьдралаас урган гарч байгааг анхаарч ийм зөрчлийг арилгах талаар тодорхой арга хэмжээ санаачлах.
ГУРАВ.Сонгуулийн тойрог, хэсгийн хорооны бүрэдцэхүүнд нам, эвслийн төлөөллийг тэнцүүгээр оруулж болдоггүй юм бол ядахдаа хяналт тавих үүрэгтэй "Эх орон-Ардчилал" эвслийн ажиглагчдын тоог хязгаарлах биш, хоёр дахин нэмэгдүүлэхийг сонгуулийн холбогдох байгууллагууддаа нэн яаралтай үүрэг болгох.
Төрийн сонгууль шударга явагдаж, сонгогчдын санал, төлөөлөл УИХ-д бодит тусгалаа олж байж гэмээнэ ардчилсан төрт ёс төлөвшин тогтох тул сонгуулийн санал авах, тоолох бүхий л шатанд "Эх орон-Ардчилал" эвслийн ажиглагчдыг заавал байлгахыг сонгуулийн ажлыг зохион байгуулж буй бүх байгууллага, албан тушаалтнуудад үүрэг болгох.
Аль тойрогт хэдэн саналын хуудас очсон тухай мэдээг сонгууль болохоос өмнө албан ёсоор нийтэд зарлах.
ДӨРӨВ. Эрх баригчид Сонгуулийн ерөнхий хорооноос баталж өгсөн Үндэсний телевиз, радиогоор сонгуулийн сурталчилгаа явуулах хуваарийг үл хүндэтгэн, дуртай цагтаа сурталчилгаа, эрээ цээргүй гүтгэлэг явуулж байгааг таслан зогсоож, өөрийн баталсан дүрэм журмаа мөрдүүлнө үү. Тэр бүү хэл америк гэх гадны хүнээр сонгуульд яаж санал өгөх талаар Монголын ард түмэнд ухуулга хийлгэж байгаа нь 14 жил чөлөөт сонголт хийж ирсэн ард түмнээ басамжилж буй хэрэг хэмээн үзэж байгааг эрх баригч нарт анхааруулах,
ТАВ. Эрх баригчид сонгуулийн сурталчилгаандаа төрийн олон зуун албан хаагч, унаа машиныг ашиглаж байгаа нь УИХ-ын Сонгуулийн хууль, Төрийн албаны хууль, Авилгалын эсрэг хуулийг ноцтой зөрчиж байгааг анхаарч, энэхүү хууль бус уйлдлийг нэн даруй таслан зогсоох талаар Аудиторын газар болон холбогдох бусад байгууллагуудтай хамтран арга хэмжээ авах,
ЗУРГАА. Монгол Улсын Ерөнхийлөгч Нацагийн Багабандийн хэлсэн "Сайн төрийн толгойд хууль, муу төрийн толгойд удирдагч" гэсэн үг бий. Би Монголын төрийн толгойд хууль ноёрхохыг хүсч байна", "Монголын ард түмний хувьд 2004 он бол нэн хариуцлагатай, шинэ сонголтын жил байх болно" гэх зэрэг үгсийг хэлж, ашиглахгүй байхыг МАХН СЕХ-гоор дамжуулан биднээс шаарджээ. Үүнийг Монгол Улсын ардчилсан сонголтын баталгаа болсон Үндсэн хуулиар олгогдсон хүний эрх, эрх чөлөөг хязгаарлахыг санаархсан балмад оролдлого хэмээн эсэргүүцэн эгдүүцэж байна. Бид ард түмнээсээ сонгогдсон Ерөнхийлөгчийн үнэн үг, оновчтой хэллэгийг хэрэглэх эрхгүй болтлоо ардчиллаас ухарч байна гэж үү?
Үүнд нухацтай дүгнэлт хийж, МАХН-аас ируүлсэн муйхар шаардлага бүхий бичгийг олны хүртээл болгохыг СЕХ-ноос шаардаж байна.
ДОЛОО. Нэг хүнээр хэд хэдэн санал өгуүлэх явдал гарч болзошгүй тухай сэтгэл түгшээсэн мэдээлэл ирж байна. Тухайлбал, 69, 74 дүгээр тойргуудад ажиглагчидгүйгаэр санал урьдчилан авч эхэлжээ. Ийм учраас Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн бульхай, луйврыг хөдөлшгүй, нотлох баримттайгаар илчилсэн шударга сэтгүүлч, иргэдийг шагнаж урамшуулах, луйвар хийсэн, зохион байгуулсан этгээдийг хууль хамгаалах байгууллагад шилжүүлж, хатуу цээрлүүлэх арга хэмжээ авахыг санал болгож байна. Сонгууль шударга биш явагдвал хяналттай төртэй байх монголчуудын маань хүсэл мөрөөдөл талаар өнгөрөх аюул нүүрлэж байгааг болгооно уу.
НАЙМ. Сонгуулийн сурталчилгааны шувтаргаар болон сурталчилгааны хугацаа дууссаны дараа, сонгуулийн дүн гарахаас өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гүтгэлэг, цуурхал дэгдээхгүй байхыг бусад улстөрийн нам, байгууллага, ялангуяа эрх баригчдад анхааруулахыг тус тус санал болгож байна” гэжээ.