Ерөнхийлөгч Н.Багабанди СЕХ-ны гишүүдийг хүлээн авч уулзав (2004.06.24)

A- A A+
Ерөнхийлөгч Н.Багабанди СЕХ-ны гишүүдийг хүлээн авч уулзав (2004.06.24)

Ерөнхийлөгч Н.Багабанди СЕХ-ны гишүүдийг хүлээн авч уулзав (2004.06.24)

Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүдийг өчигдөр хүлээн авч уулзан УИХ-ын ээлжит сонгуулийн ажлыг эрхлэн гүйцэтгэж буй хүмүүст сэтгэлийн дэм, ажлын зөвлегөө өгч үг хэллээ. Тэрбээр хэлэхдээ, юуны түрүүнд сонгуульд сонгогчдын оролцоог нэмэгдүүлэхэд чухалчлан анхаарах шаардлага байна. Өмнөх УИХ-ын сонгуулиудын үйл явц Монголын ард түмний сонгох, саналаа өгөх үүргээ ухамсарлаж, бие даасан, бусдаас үл хамаарсан сонголт хийх улс төрийн соёл дээшилж буйг харуулсаар ирсэн ч сонгогчдын оролцоо буурсаар байгааг тайлан мэдээ нотолж байна. Тухайлбал, 2000 оны УИХ-ын сонгуульд аймаг орон нутагт нэрсийн жагсаалтад бичигдсэн сонгогчдын 12-22 хувь нь, нийслэлд 24 орчим хувь нь сонгуульд оролцоогүй дүн мэдээ гарсан байдаг гэлээ.

Цааш нь Ерөнхийлөгч хэлэхдээ, сонгогчдын нэрсийн жагсаалтыг үнэн зөв, алдаа мадаггүй үйлдэж, түүнтэй танилцах бололцоог сонгогчдод олгох нь сонгуулийг шударга явуулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нэг урьдач нөхцөл болно. Энэ ажил тийм ч хангалттай биш санагдана. Энд тоочих бэрхшээл олон байгаа нь мэдээж. Гэвч зайлшгүй хийх ёстой хуулиар хүлээсэн үүрэгт ажил тул СЕХ орон нутгийн засаг захиргааны байгууллага, сонгуулийн хэсгийн хороодод маш тодорхой зааварчилга, үүрэг өгч бүрэн эрхийнхээ   хүрээнд   хяналт, шаардлага тавьж ажиллавал зохино гэв.

Сонгуулийн тухай хууль, дүрэм, журам, иргэдийн эрх үүргийн талаар ард иргэдэд ухуулах, таниулах чиглэлээр радио, телевиз, хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр СЕХ шаргуу сурталчлах шаардлага байгааг Ерөнхийлөгч тэмдэглэлээ.

Түүнчлэн нэр дэвшигчдийн үйл ажиллагаатай холбоотой маргаан бүхий өргөдөл, гомдлуудыг хуулийн дагуу шуурхай шийдэхэд СЕХ бэлтгэлтэй байх, сонгуулийн бэлтгэл ажлын хамгийн хариуцлагатай үе болох санал авах, сонгуулийн дүн гаргах ажлыг хөндлөнгийн хяналттайгаар элдэв хэл амгүйгээр тун сайн зохион байгуулах, иргэд саналаа өгөх үеийн нийгмийн дэг журмыг хангахад онцгойлон анхаарч, энэ өдөр архи, соггууруулах ундаа худалдахгүй байх үүргийг холбогдох газруудад өгөхийг зөвлөв.

Дараа нь Ерөнхийлөгч тус хорооны гишүүдээс сонгуулийн ажлын үйл явц, учирч буй бэрхшээлүүд, тэдгээрийг даван туулах чиглэлд хийж буй ажлуудын талаар мэдээлэл сонсч харилцан ярилцлаа гэж СЕХ-ны Хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна.