“Эх орон – Ардчилал” эвсэл Мэдэгдэл, Хүсэлт, Шаардлага, Уриалга гаргасан байна (2004.06.30)
Мэдэгдэл:
"Эх орон-Ардчилал" эвсэл Сонгуулийн ерөнхий хороонд хандаж мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд "УИХ-ын 59 дүгээр тойрогт сонгогчид "Эх орон-Ардчилал" эвслийг дэмжиж санал өгсөн дүн албан ёсоор гарч тогтоол үйлдэгдсэн байна.
Гэвч МАХН-ын зүгээс 18, 22 дугаар хэсгийн саналын тоог эргэн харах, сонгуулийн дүнг өөрчлөх оролдлого хийж манай нэр дэвшигчийн 306 саналыг хүчингүй болгуулахаар Сонгуулийн ерөнхий хороонд шахалт үзүүлж байгаа тухай мэдээллүүд ирж байна.
Сонгуулийн саналын дүн МАХН-ын талд ашиггүйгээр эргэмэгц, тойрог болон хэсгийн хороон дахь өөрийн намын олонхиор түрий барьж саналын хуудасны дахин тооллого хийх, тойрог, хэсгийн хорооны тогтоолд тамга дарах, гарын үсэг зурахаас татгалзах замаар цаг хожиж улмаар сонгуулийн дүнг өөрчилж эхлээд байна.
Иймд "Эх орон-Ардчилал" эвслийн сонгуулийн төв штабаас болон тойргийн сонгогчдын өмнөөс тойрог, хэсгиин хороодын тогтоолыг нэн даруй баталж нийтэд зарлахыг Сонгуулийн ерөнхий хороонд мэдэгдэж байна" гэжээ.
Хүсэлт:
Мөн Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ж.Ядамсүрэнд хандан хүсэлт гаргасан байна. "УИХ-ын сонгуулийн 76 дугаар тойрогт "Эх орон-Ардчилал" эвслээс нэр дэвшигч Лувсаннямын Гантөмөр, өрсөлдөгч Д.Энхбаяраас 1600 гаруй санап илүү авч, илт давуу ялалт байгуулсан атал МАХН-ын ажиглагч Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны Засаг дарга Хандмаагийн өргөдлөөр санал авах үйл ажиллагаа хууль зөрчсөн нэрийдлээр сонгуулийг хүчингүй болгох тухай тойргийн хорооны шийдвэр гаргасан нь Монгол Улсын зохих хуулийг ноцтой зөрчсөн байна.
Иймд Монгол Улсын хуулийг сахин биелүүлж, тойргийн хорооны шийдвэрийг яаралтай хүчингүй болгохыг шаардаж байна" гэж уг хүсэлтэд дурджээ.
Шаардлага:
Тэрчлэн "Эх орон-Ардчилал" эвслийн Сонгуулийн төв штабын дарга П.Цагаан Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ж.Ядамсүрэнд хандаж шаардлага тавьжээ. Үүнд:
Нэг. УИХ-ын сонгуулийн 24, 34 дүгээр тойргийн хороод санал хураалтын дүнг баталгаажуулахаас цааргалж, сонгогчдын олонхийн санал авсан З.Энхболд, Э.Бат-Үүл нарын саналын дүнг луйвардах гэсэн увайгүй, хууль бус ажиллагаа явуулж байгааг нэн даруй таслан зогсоож; сонгуулийн дүнг баталгаажуулах арга хэмжээ авахыг Сонгуулийн ерөнхий хорооноос шаардаж байна.
Хоёр. Сонгуулийн тойргийн хороодын хууль бус ажиллагаанаас үүдэн гарах улс төр, эрх зүйн бүхий л үр дагаврыг Сонгуулийн ерөнхий хороо, түүний удирдлага хариуцах болно гэдгийг анхааруулж байна гэжээ.
Уриалга:
"Эх орон-Ардчилал" эвслээс гаргасан уриалгад "Эх орон-Ардчилал" эвслээс дэвшүүлсэн сонгуулийн хөтөлбөрийг дэмжиж бидэнд саналаа өгсөн нийт сонгогчиддоо талархал илэрхийлье.
Амьдрал ахуйгаа сайжруулахын тулд ардчиллыг бэхжүүлэхийн төлөө өгсөн олонхийн саналыг хуучин эрх баригчид өөрсдийн явцуу эрх ашигт захируулан өөрчлөхийг улайран оролдож байна. Энэ үед ард түмний саналыг хамгаалан баталгаажуулах явдал "Эх орон-Ардчилал" эвслийн тулгамдсан зорилт боллоо.
Улс төрийн энэ эгзэгтэй мөчид сонор сэрэмжтэй байж хээл хахууль, авилгалд идэгдсэн хуучин эрх баригчдын элдэв явуулгад авталгүй, үр хүүхдийнхээ болон өөрсдийнхөө төлөө хийсэн шинэ сонголтоо хамгаалахыг нийт сонгогчдод уриалж байна.
Төр засгийн шилжилт, шинэчлэлтийн үед нийтийн хэв журмыг сахиулж, төр засгийн уламжлалт чанарыг хадгалан, ажил албааа цалгардуулахгүй явуулахыг төрийн бүх шатны албан хаагчдад анхааруулж байна.
Нэг намын эрхшээлд автагдаж, өрөөсгөл мэдээлэл түгээдэг байдлаа зогсоож, ард түмэнд үнэн бодит мэдээлэл хүргэж, Монголын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулахыг Үндэсний телевиз, радиогийн удирдлага, шударга сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудад сануулж байна.
Сонгогч та бүгдийн шинэ сонголтын үр дүнд манай эвслийн бодлого хэрэгжиж, ард түмний амьдралд бодитой ахиц өөрчлөлт гарна гэдэгт итгэл дүүрэн байгаагаа илэрхийлж байна" гэжээ.