76 дугаар тойргийн саналыг хүчинтэйд тооцож, 24, 59 дүгээр тойргуудын зарим хэсэгт дахин санал хураалт явуулахаар болов (2004.07.01)
Сонгуулийн Ерөнхий Хороо өчигдөр хуралдаж, УИХ-ын сонгуулийн 59 дүгээр тойргийн 18, 22 дугаар хэсэг, 76 дугаар тойргийн 122, 123, 125, 128 дугаар хэсэгт санал авалтыг хүчингүйд тооцож, дахин санал авах талаар дээрх тойргийн хороодын тогтоолыг хүчингүй болгохыг хүссэн тухай асуудлыг авч хэлэлцэв.
Сонгуулийн Ерөнхий хороо УИХ-ын сонгуулийн 59 дүгээр тойргийн хорооны тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж тогтов. Харин УИХ-ын сонгуулийн 76 дугаар тойргийн хорооны тогтоолыг хүчингүй болголоо.
УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойргийн 48 дугаар хэсэгт санал хураалт хуулийн заалтыг ноцтой зөрчсөн тул санал хураалт дахин явуулах тухай Өвөрхангай аймгийн МАХН-ын хорооны Сонгуулийн штабаас СЕХ-нд гаргасан гомдлыг бас авч авч хэлэлцэв. Уг тойргийн хорооны тогтоолыг хүчингүй болгож, УИХ-ын сонгуулийн хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу тус тойргийн 48 дугаар хэсэгт дахин санал хураалт явуулахыг тойргийн хороонд даалгав гэж СЕХ-ны Хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна.