Үндэсний телевизээр үг хэлэх боломж олдов (2004.07.02)
“Эх орон-Ардчилал” эвслийн гишүүд, дэмжигчид Монголын радио, телевизийн хэрэг эрхлэх газрын /МРТХЭГ/ өмнө өчигдөр 14 цагийн орчимд жагсаал зохион байгуулжээ.
“Өнөөдөр” сонинд мэдээлснээр, /¹154/ Баянгол дүүргийн Засаг дарга асан С.Эрдэнэ “МРТХЭГ ард түмний төрд төлсөн татвараар санхүүждэгээ бүү март. МҮТВ зөвхөн эвслийн эсрэг бус, ард түмний эсрэг ажиллаж байгаагаа ойлго. Бид энэ үгийг МРТХЭГ-ын удирдлагуудад хандан хэлж байна. Түүнээс бус тэнд ажиллаж байгаа жирийн ажилтнууд буруугүй юм. Та бүхэн сэтгүүлчийн ёс зүйгээ сахиж ажиллаач» гэж хэлэхэд жагсаалд оролцогсод түүний үгийг ууханлан түрж байв. 16.00 цагийн орчимд жагсагчид МРТХЭГ руу дайрч, үүдийг нь эвдэх шахам оржээ. Тэдний дунд Л.Гүндалай, Э.Бат-Үүл нар харагдсан. Тэд МҮТВ болон Монголын радиогийн удирдлагуудтай тэндхийн уулзалтын өрөөнд ярилцлаа. МҮТВ болон Монголын радиогоор эфирийн цаг өгөхийг шаардаж, ширүүн маргаан өрнөв. Байдал бага зэрэг намжсаны дараа Ц.Энхбат захирлыг Л.Гүндалай нарын хэдэн хүн, сэтгүүлчид салалгүй дагаж явав.
Маргааны эцэст радио, телевизээр нэвтрүүлэг явуулахыг удирдлагууд нь зөвшөөрлөө. Энэ үед буюу 17 цагийн орчимд жагсагчдын МРТХЭГ руу дайрч байгаа дүрсийг МҮТВ-ээр цацав. Олон хүн үүнд бухимдаж уурссан ч Л.Гүндалай «Зүгээр. Яадаг юм. Үнэн бодит байдлыг гаргаж л байг. Бид үнэний төлөө явж байгаа шүү дээ» гэх нь сонсогдов. Дараахан нь Э.Бат-Үүл, Л.Гүндалай, П.Цагаан, Б.Батбаатар, С.Эрдэнэ нар болон уулзалтын өрөөнд шавсан хүмүүс эфирийн өрөөг бэлтгэж нэвтрүүлэгт оруулахыг шаргуу шаардав. Э.Бат-Үүл: -Биднийг яг 18 цагт нэвтрүүлэгт оруулах уу гэхэд Ц.Энхбат: -Цаг өгч шууд нэвтрүүлэг гарга гэж хэлсэн. Харин техникийн боломжгүй болж байх шиг байна. Эвдрэл гарсан бололтой гэж хариулахад нь дахиад л маргаан ширүүсээд эхлэв. П.Цагаан гар утсаа Ц.Энхбатад өгч «Холбогдох хүмүүстэйгээ ярьж, үүрэг өг. Бидэнд нэвтрүүлэгт орох эрх өгөх эсэхээ шийд. Эсвэл бид эндээс явахгүй» гэсэнд тэрбээр утсаар нэгэн хүнтэй «Эдэнд цаг өгмөөр байна шүү дээ. Боломжтой бол өгөх л хэрэгтэй» гэж ярив.
Хэнтэй ийн ярьсныг түүнээс Э.Бат-Үүл лавлахад -Программын хэлтсийн даргатай гэж хариулав. Тэгээд нэвтрүүлэг явуулах уу гэж П.Цагааныг асуухад, Ц.Энхбат захирал «Техникийн ажилтнууд ажлаа хаяад явчихаж» гэв. Эвслийн гишүүд «Монгол кино» нэгтгэлээс техникийн ажилтнууд авчирч нэвтрүүлэг явуулъя гэцгээлээ. Энэ үед УИХ-ын гишүүн С.Оюун, «Залуу Монгол» корпорацийн захирал П.Сономпил, «Оюуны ундраа»-гийн С.Отгонбаяр, МАШСН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Чулуунбаатар нарын хүмүүс цувж ирсээр байв.
Ийн нэлээд маргасны эцэст 18.05 цаг болж байхад Л.Гүндалай, П.Цагаан, Э.Бат-Үүл, М.Сономпил, С.Отгонбаяр, Б.Батбаатар, С.Оюун нарын хүмүүс Ц.Энхбат захирлын хамт бичлэгийн студид орлоо. Дараахан нь З.Энхболд ирээд студи рүү оров. Хоёрдугаар давхрын задгай танхимд жагсагчдын хагас нь газраар суучихсан, телевизийн нэвтрүүлэг эхлэхийг хүлээлээ. 18.15 цаг. Цагаан хоолой барьсан нэг залуу «МРТХЭГ-ын удирдлагууд нэвтрүүлэг эхлэхгүй 15 минут болж байна. Тэд ард түмний төлөө үйлчилж чадах хүмүүс биш байна. Бүгдээрээ тэднийг огцруулъя. Ингэхийн тулд хэд хоногоор ч хамаагүй суулт хийе» гэж уриалахад хүмүүс дэмжиж алга ташлаа. С.Отгонбаяр 18.40 цагийн орчимд бичлэгийн студиэс гарч ирээд «Ц.Энхбат захирлыг алдчихлаа. Тэр техникийн ажилчдаа явчихсан гээд байсан. Гэтэл тэд байж л байна шүү дээ. Дарга нар нь зөвшөөрөл өгвөл нэвтрүүлэг явуулахад бэлэн гэж байна» хэмээн сэтгүүлчдэд мэдэгдлээ. Түүний дараахан Б.Батбаатар гарч ирээд ММ агентлагийн эфир рүү оров. Төд удалгүй гарч ирээд Монголын радио руу явлаа. Түүнийг нэлээд олон хүн дагасан. Радиод очиход хаалганы шил нь хагарч, эвдэрсэн байв. Б.Батбаатарыг дагаж яваа хүмүүс «Энэ хаалгыг тэд өөрсдөө эвдсэн. Энд цугласан хүмүүсийг хагалсан гэж гүтгэх гэж байгаа юм» гэцгээлээ. Цэргийн хувцастай, хамгаалалтын ажилтан бололтой нэгэн эмэгтэйгээс хаалгыг хэн эвдсэнийг лавлавал, «Бид өөрсдөө яалаа гэж эвдэх вэ дээ. Дайрч орж ирсэн хүмүүс л эвдсэн» гэснээс өөр үг хэлсэнгүй. «Хурд» агентлагийн захирал А.Мягмаржавыг өнөөх хүмүүс явуулахгүй бүчээд авлаа. «Радиогоор явуулж байгаа гүтгэлгээ зогсоо. Энд болж байгаа явдлыг үнэн зөвөөр нь мэдээлэх хэрэгтэй байна» гэж шаардахад, А.Мягмаржав «Надад үүнийг зөвшөөрөх эрх байхгүй» хэмээн явах гэхэд нь түүнийг явуулсангүй. Хэсэг маргасны эцэст А.Мягмаржав тэндээс дайраад гарчихна билээ. Дараа нь нэгэн сэтгүүлч бүсгүйг нэлээд хоргоож, шуурхай мэдээ явуулахыг шаардсан ч тэрбээр «Надад тийм эрх байхгүй» гэсэн хариултыг өгсөөр байв.
19.20 цагт«Эх орон-Ардчилал» эвслийн төлөөлөгчид оролцсон шууд нэвтрүүлэг МҮТВ-ээр орон даяар шууд явлаа.