Шүүхийн шийдвэр гартал дахин санал хураахгүй (2004.07.05)
Сонгуулийн Ерөнхий Хороо /СЕХ/ энэ сарын 2-нд хэвлэлийн бага хурал хийлгэсэн байна. Тус хорооны дарга Ж.Ядамсүрэнгийн мэдээлснээр, өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн байдлаар тус хороонд сонгуультай холбоотой өргөдөл хүсэлт 110 ирсэн ажээ. Сонгуулийн сурталчилгааны үед хууль зөрчсөн тухай хийгээд зарим тойрог, хэсгийн хороодод дахин санал хураахыг тэдгээрийн ихэнхэд нь хүссэн байна.
Зөрчлүүд нь сонгогчдын саналыг элдэв арга хэлбэрээр худалдаж авсан, санал хураах өдөр сонгогчдыг зохион байгуулалтайгаар тээвэрлэн сурталчилгаа хийсэн, сонгогчдыг зохион байгуулалттайгаар олноор нь өөр тойрог, өөр аймаг, сум, дүүрэг рүү шилжүүлэн санал өгүүлсэн, сонгогчийн үнэмлэх, санал өгөх хуудсыг ашиглан луйвар хийсэн, тойргийн болон хэсгийн хороодод илт дарамт шахалт үзүүлсэн, 22 цагаас хойш санал авсан, нас барсан, гадаадад суугаа, шоронд хоригдож буй хүмүүсийг сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэсэн зэрэг олон хэлбэрээр илэрсэн байна гэж СЕХ-ны дарга Ж.Ядамсүрэн мэдээлжээ.
СЕХ өргөдөл хүсэлт бүгдийг нарийвчлан хэлэлцэж бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдан тус бүр дээр нь шийдвэр гаргасан аж. Хоёр ч тойргийн гурван хэсэгт санал дахин хураах шийдвэр гаргасан ч шинэ тутам бий болсон Захиргааны хэргийн шүүх түүнийг нь түр түдгэлзүүлсэн байна. Иймд шүүхийн шийдвэр гартал дахин санал хураахгүй болжээ.
Санал хурааснаас хойш үйл явдал хэрхэн өрнөсөн нь сонгуулийн албан ёсны дүнг СЕХ олон түмэнд даруй танилцуулахгүй алгуурлаж байгаагаас шалтгаалж буй мэтээр сүүлийн хэд хоногт ялангуяа Эвслийн зугээс нэлээд ярьж байна. Энэ бүхэн нь хуулиар зохицуулагдсан байдаг. Түүнийг СЕХ огт зөрчөөгүй. Сонгуулийн тойргийн хороод санал хураалтын дүнг гурав хоногийн дотор гаргаж хуралдаанаараа хэлэлцээд СЕХ-нд хоёр хоногийн дотор мэдээлэхээр УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 6-д заажээ. Энэ хугацаа өнгөрсөн баасан гаригт дуусч энэ өдөр СЕХ сонгуулийн урьдчилсан дүнг дахин мэдээлсэн. Анхны урьдчилсан дүнг санал хураасны маргааш нь олны сонорт хүргэсэн. Мөн хуулийн 39 дүгээр зүйлийн хоёрт, намуудын авсан суудлын тоо, УИХ-ын гишүүнээр сонгогдогчдын нэрийн жагсаалтыг сонгууль дууссанаас хойш 15 хоногийн дотор Монгол Улсын Ерөнхийлөгчид СЕХ айлтган нийтэд мэдээлнэ гэж заасны дагуу улсын наадмаас өмнө сонгуулийн дүнг төрийн тэргүүнд өргөн барина гэдгээ Ж.Ядамсүрэн мэдэгдсэн байна.