"Эх орон-Ардчилал" эвсэл Сонгуулийн Ерөнхий хороонд хандан мэдэгдэл гаргав (2004.07.08)
"Эх орон-Ардчилал" эвсэл Сонгуулийн Ерөнхий хороонд хандан мэдэгдэл гаргав. Уг мэдэгдэлд дурдахдаа "Таны толгойлсон Сонгуулийн ерөнхий хороо, сонгуулийн салбар хороод УИХ-ын 2004 оны сонгуулийг зохион байгуулах ажилд эхнээсээ туйлын хариуцлагагүй хандаж, хууль тогтоомжийг удаа дараа зөрчиж, хэт нэг талыг баримтлан ажилласанд гүн харамсал илэрхийлэхийн ялдамд дараахь мэдэгдэл хийж байна.
СЕХ сонгуулийг зохион байгуулах үндсэн үургээ хэрэгжүүлэхийн оронд Монгол Улсын Үндсэн хуулиар иргэдэд олгогдсон сонгох, сонгогдох эрхийг эдлүүлэхийн эсрэг хууль бус шийдвэрийг нэг бус удаа гаргаж байв. Заримыг нь Монгол Улсын шүүхэд хурч байж, засч залруулсан. Монгол Улсын шүүхийн хууль ёсны шийдвэрийг үл хүндэтгэн, шүүхийн бие даасан байдалд халдсан мэдэгдэл хийж, олон түмэнд ташаа мэдээлэл түгээж байсан СЕХ-ны нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатарыг СЕХ-нд ажиллах ёс суртахууны эрхгүй гэж үзэж, албан тушаалаас нь түдгэлзүүлэхийг 2004 оны зургадугаар сарын 10-нд Танаас шаардаж байсан. Дахин санал авалт явуулах тухай СЕХ-ны хууль зүйн үндэслэлгүй шийдвэрийг эцэслэн шийдвэрлэх шүүх хуралдаанд Ж.Сүхбаатарыг СЕХ-г төлөөлүүлэхээр томилсон шийдвэрээ нэр даруй цуцлахыг СЕХ-ны даргаас шаардаж байна" гэжээ.