Нийслэлийн Эрх чөлөөний талбайд “Шударга сонгуулийн төлөө” хөдөлгөөн цуглаан зохион байгуулав (2004.07.06)
Нийслэлийн Эрх чөлөөний талбайд өчигдөр “Шударга сонгуулийн төлөө” хөдөлгөөн цуглаан зохион байгуулав. “Өнөөдөр” сонинд мэдээлснээс үзвэл уг цуглаанд зөвхөн Улаанбаатар хотоос төдийгүй Дархан-Уул, Хэнтий, Хөвсгөл аймаг, Сэлэнгийн Алтанбулагаас хүмүүс ирж үг хэлсэн ажээ. Мөн “Шударга сонгуулийн төлөө” хөдөлгөөний үйл ажиллагааг дэмжиж буйгаа “Бодь сэтгэл, эв хамт ёс”, “Монголын нэгдсэн хөдөлгөөн”, “Монголын сайн сайхны төлөө” зэрэг хөдөлгөөний төлөөлөгчид илэрхийлж, УИХ-ын саяхан болсон сонгуулийг хуулийн хүрээнд болоогүй хэмээн үзэж байжээ.
Цуглаанд оролцогчид 2004 оны УИХ-ын сонгуулийн үеэр гарсан хууль зөрчсөн үйлдлүүдийг шалгаж, шийдвэртэй арга хэмжээ авч олон нийтэд мэдээлэхийг шаардсан албан бичгийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн цэц, СЕХ, Хүний эрхийн хороонд явуулахаар тогтсон байна. Хариуг нь энэ оны долдугаар сарын 8-нд авахаар уг шаардлагад дурдсан байв.