Шүүгч тайлбар өгөхөөс татгалзсан байна (2004.07.06)

A- A A+
Шүүгч тайлбар өгөхөөс татгалзсан байна (2004.07.06)

Шүүгч тайлбар өгөхөөс татгалзсан байна (2004.07.06)

 УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойргийн 48 дугаар хэсэг, 59 дүгээр тойргийн 18, 22 дугаар хэсгийн хороонд дахин санал хураалт явуулах шийдвэрийг СЕХ гаргасан бөгөөд уг шийдвэрийн дагуу дээрх хэсгийн хороодод өнгөрсөн бямба гаригт дахин санал хураалт явуулах ёстой байв. Гэвч Нийслэлийн захиргааны хэргийн шүүхээс дээрх шийдвэрийг түдгэлзүүлсэн тухай тогтоолыг өнгөрсөн баасан гаригт гаргасан. Уг тогтоолыг "Эх орон-Ардчилал" эвслээс гаргасан гомдлыг үндэслэсэн юм. Хуульд зааснаас үзвэл захиргааны хэргийн шүүх гомдол гаргагчийн хүсэлтийг 30 хоногт багтаан шийдвэрлэх учиртай. Энэ талаар Нийслэлийн захиргааны хэргийн шүүгч Отгонцэцэгт хандахад ямар нэгэн тайлбар өгөхөөс татгалзлаа гэж “Зууны мэдээ” сонин /¹156/ мэдээлсэн байна. Шүүхийн шийдвэр 24, 59 дүгээр тойргийн зарим хороонд дахин санал хураалт явуулах эсэхийг шийднэ.

Захиргааны хэргийн шүүхийн тухай

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн тухай "Өнөөдөр" сонины тодруулснаар /¹157/, Захиргааны хэргийг шийдвэрлэх тухай хуулийг УИХ 2002 оны арванхоёрдугаар сарын 26-нд баталсан. Захиргааны хэргийн шүүх 2004 оны зургадугаар сарын 1-нээс үйл ажиллагаагаа эхэлсэн байна. Захиргааны хэргийг шийдвэрлэх тухай хуулийн гурвын нэгийн нэгд зааснаар уг шүүх нь Ерөнхий сайд, танхимын сайдууд, агентлагийн дарга, Засаг дарга зэрэг удирдах шатны албан тушаалтны гадагшаа чиглэсэн шийдвэр нь хуулийн дагуу гарсан эсэх, иргэний эрхийг зөрчсөн эсэхийг хянан шийдвэрлэдэг юм байна. 

Нийслэлийн захиргааны хэргийн шүүх нь зургаан шүүгч, мөн ерөнхий шүүгчийн орон тоотой. Гомдол, нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор багтаан шийдвэрлэх ёстой бөгөөд энэ шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй тохиолдолд хяналтын журмаар давж заалдах боломжтой ажээ. Давж заалдах болбол Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хандах юм байна. Тэнд Дээд шүүхийн зургаан шүүгч ажилладаг. Тэд дотроосоо танхимын тэргүүн шүүгчийг томилно.

Ер нь Захиргааны хэргийн шүүх анхан шатандаа буюу 21 аймагт тус бүр гурван шүүгчтэй, нийслэлд дээр өгүүлснээр долоон хүн, давж заалдах хяналтын шат болон Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимдаа зургаан шүүгчтэй байх зохион байгуулалттай ажээ.