Сонгуулийн дүнг Ерөнхийлөгчид өргөн барив (2004.07.08)
СЕХ-ны дарга Ж.Ядамсүрэн УИХ-ын 2004 оны сонгуулийн дүнг Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандид өчигдар өргөн барьсан байна. Хоёр тойргийн /24, 59/ гурван хэсэгт дахин санал хураах шийдвэрийг тус хороо гаргасан ч түүнийг товлосон хугацаанд явуулахыг Захиргааны хэргийн шүүх түдгэлзүүлсэн тул Ерөнхийлөгчид 74 тойргийн дүнг өгч буйгаа Ж.Ядамсүрэн хэлсэн байна. СЕХ-нд нөлөөлөхийг оролдсон нөхцөл байдалд ажиллаж ирсэн ч хуулийн хүрээнд өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийснээ, УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах цаг болжээ гэсэн дүгнэлтэд хүрснээ тэрбээр бас онцолсон байна.
Ерөнхийлөгч сонгуулийн дүнг хүлээж аваад, сэтгэл зүтгэл гаргаж их ажлын ард гарсанд нь сонгуулийн бүх шатны байгууллагынханд талархал илэрхийлжээ. Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх зайлшгүй шаардлага байгаа нь түрүүчийн сонгуулийн үед ч ажиглагдаж байсан. Та бүхэн сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэлээ сайн гаргаж, шийдэхэд түвэгтэй байсан асуудлуудыг хууль санаачлагчдад нарийвчлан тавиарай гэж захисан байна.
Санал хураалтын эцсийн дүн нь маргаантай байгаа хоёр тойргийг оруулалгүйгээр гаргасан дүнгээс үзвэл улсын хэмжээнд 1.279516 хүн сонгогчийн нэрсийн жагсаалтад байсны 1.051812 ньбуюу 82.20 хувь нь саналаа өгчээ. Эдний саналын хуудасны 1.036578 нь буюу 98.55 хувь нь хүчинтэй, 15234 нь буюу 1.45 нь хүчингүй болсон байна.
Аймгуудаао Хөвсгөл аймаг хамгийн олон сонгогчтой аж. Нэрсийн жагсаалтад байсан 69.5 мянган хүний 81.6 хувь нь буюу 56.8 мянга нь саналаа өгчээ. Тэгвэл хамгийн цөөхөн хүнтэй нь Өмнөговь аймаг юм. Нэрсийн жагсаалтад энд 27.1 мянган хүн бүртгүүлсэн байв. Сүхбаатар аймгийн сонгогчдын 90.4 хувь нь санал хураалтад оролцсон нь хөдөө ррон нутагт хамгийн өндөр үзүүлэлт байна. Эднийх 31.7 мянган сонгогчтой юм. Харин Төв аймгийн 51.4 мянган сонгогчийн 74.6 хувь сонгуульд оролцож, аймгууд дотроо сүүл барьжээ.
Аймгуудад нэр дэвшигчдээс Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан 78.2 хувь буюу 14.8 мянган сонгогчийн 13.1 мянгынх нь дэмжлэгийг хүлээж, шинээр сонгогдогсод дотроо тэргүүлсэн байна. 42 дугаар (Увс) тойрогт ялсан Ц.Дамиран 43.2 хувийн санал авсан нь ялагчид дотроо хамгийн доогуур үзүүлэлт гэж хэлж болно. Тэгвэл Сэлэнгэ аймгийн 34 дүгээр тойрогт өрсөлдсөн Э.Бат-Үүл (49.7), Д.Насанжаргал (49.4) нарын авсан саналын тоо хамгийн бага зөрүүтэй байна.
Эдгээр үзүүлэлтийг Улаанбаатар хотын 20 тойрогт тусад нь авч үзвэл сонгогчдын тоогоор (99.5 мянга) Сонгинохайрхан дүүрэг тэргүүлж, сонгуульд оролцсон байдлаар Налайх, Багануур (83 хувь) хамгийн сайн ирцтэй байжээ. Нийслэлд нэрээ дэвшүүлэгчдээс 67 дугаар тойрогт өрсөлдсөн Т.Бадамжунай 64.1, 60 дугаар тойрогт нэрээ дэвшүүлсэн Сайн.Отгонбаяр 43.5 хувийн санал авч сонгогдсон нь дээд, доод хоёр туйл нь болсон байна.
Бие даагч гурваас Я.Санжмятав 23 дугаар тойрогт 34,3 хувийн буюу хамгийн цөөн санал авсан «ялагч» юм. Д.Одхүү 46,1, Р.Амаржаргал 47,6 хувийн санал авчээ.
Одоогийн байдлаар МАХН парламентад хамгийн олон буюу 36 суудал аваад байна. Хорёр тойргийн асуудлыг шүүх хэрхэн шийдвэрлэхээс энэ тоо өөрчлөгдөж болох юм.