УИХ-ын байнгын хороодыг хуваарилахаар тохиролцлоо (2004.08.18)
УИХ дахь МАХН, эвслийн ажлын хэсгийн гишүүд Хуралдааны тэмдэглэл ¹3 гэсэн баримт бичигт уржигдар гарын үсэг зурсан байна. УИХ дахь МАХН, "Эх орон-Ардчилал" эвслийн төлөөлөгчид УИХ-ын анхдугаар чуулганаар хэлэлцэх асуудлын талаар хийж буй зөвшилцлийн хүрээнд дараахь асуудлаар харилцан тохиролцжээ.
Нэг. УИХ-ыни байнгын хороодын тоог УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж Эдийн засгийн байнгын хороо, Нийгмийн бодлогын байнгын хороо, Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн байнгын хороодыг өөрчлөн зохион байгуулах замаар 10 болгох нь зүйтэй гэж тохиров. Үүнд: Эдийн засгийн байнгын хороог – Эдийн засгийн байнгын хороо, Дэд бүтцийн хөгжлийн байнгын хороо, Нийгмийн бодлогын байнгын хороог -Эрүүл мэнд хөдөлмөр, нийгмийн хамгааллын байнгын хороо, Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байнгын хороо, Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн байнгын хороог - Байгаль орчны байнгын хороо, Хөдөөгийн хөгжлийн байнгын хороо гэж тус тус өөрчлөн зохион байгуулна.
Хоёр. Байнгын хороодын тоог арав болгосны дараа эдгээр хороодын даргад тэнцүү тоогоор зөвшилцөн нэр дэвшүүлэхээр тохиров.
Гурав. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хүртэл хугацаанд байнгын хороодыг одоогийн байгаа тоогоор нь байгуулж, хороодын даргад дараахь байдлаар нэр дэвшүүлэхээр тохиров. Үүнд:
"Эх орон-Ардчилал" эвсэл:
-
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо
-
Нийгмийн бодлогын байнгын хороо
-
Төсвийн байнгын хороо
МАХН
-
Төрийн байгуулалтын байнгын хороо
-
Хууль зүйн байнгын хороо
-
Эдийн засгийн байнгын хороо
-
Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн байнгын хороо
Дөрөв. Дэд хороодын даргад дараахь байдлаар нэр дэвшүүлэхээр тохиров. Үүнд:
"Эх орон-Ардчилал" эвсэл:
-
Хүний эрхийн дэд хороо
-
Нутгийн удирдлагын дэд хороо
МАХН:
-
Тусгай хяналтын дэд хороо
-
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо
Тав. Ёс зүйн дэд хорооны даргын асуудлыг дараа жич шийдвэрлэхээр тохиров.
Зургаа. УИХ-ын дэд дарга, байнгын болон дэд хорооны даргад нэр дэвшсэн хүмүүсээ УИХ дахь МАХН-ын бүлэг, "Эх орон-Ардчилал" эвслийн бүлэг харилцан дэмжихээр тохиров.
Энэ бичигт УИХ дахь МАХН-ын бүлгийг төлөөлж Д.Идэвхтэн, Д.Лүндээжанцан, Г.Очирхүү, У.Хүрэлсүх, УИХ дахь "Эх орон-Ардчилал" эвслийн бүлгийг төлөөлж С.Баярцогт, М.Энхсайхан, Г.Батхүү, С.Ламбаа нар гарын үсэг зуржээ.