МАХН-ын Удирдах зөвлөл, УИХ-ын 2004 оны сонгуульд МАХН-аас нэр дэвшиж сонгогдсон гишүүд анхдугаар чуулганы хуралдаанд оролцохгүйгээ мэдэгджээ (2004.07.09)

A- A A+
МАХН-ын Удирдах зөвлөл, УИХ-ын 2004 оны сонгуульд МАХН-аас нэр дэвшиж сонгогдсон гишүүд анхдугаар чуулганы хуралдаанд оролцохгүйгээ мэдэгджээ (2004.07.09)

МАХН-ын Удирдах зөвлөл, УИХ-ын 2004 оны сонгуульд МАХН-аас нэр дэвшиж сонгогдсон гишүүд анхдугаар чуулганы хуралдаанд оролцохгүйгээ мэдэгджээ (2004.07.09)

УИХ-ын анхдугаар чуулганыг 2004 оны долдугаар сарын 9-ний өдөр товлон зарлах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарсантай холбогдуулан МАХН-ын Удирдах зөвлөлөөс УИХ-ын энэ удаагийн сонгуульд нэр дэвшин сонгогдсон гишүүдтэйгээ тохиролцсоны үндсэн дээр дараахь мэдэгдлийг өчигдөр хийсэн байна. Мэдэгдэлд дурдахдаа:

“УИХ-ын 2004 оны сонгуулийн үеэр "Эх орон-Ардчилал" эвслийн олон нэр дэвшигч Сонгуулийн хуулийг бүдүүлгээр зөрчиж луйвар, булхай гаргасан тухай сонгогчид, нэр дэвшигчид гомдлоо илэрхийлж, ард иргэд сонгуулийн булхайг арилгахыг шаардаж байгаа. СЕХ нэр дэвшигчдийн гомдлыг шалгаж, хоёр тойргийн зарим хэсэг дээр нэмэлт санал хураалт явуулах тухай шийдвэр гаргасан. Одоогоор маргаантай тойргуудын асуудлыг шүүх авч үзэж байна. Монголын бүх ард түмэн шүүх шударга шийдвэр гаргахыг хүлээж байна. Сонгүулийн хууль зөрчигдсөн гэж үзэж болох тойргуудын тоо үүнээс ч олон байгаа. Тийм учраас УИХ-ын гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ бүрдэх болоогүй байна. Сонгуулийн алдаа завхрал эцэслэн засагдаагүй байна. Хоёр тойргийн зарим хэсэг дээр нэмэлт санал хураалт явсны дараа УИХ-ын анхдугаар чуулган хуралдах нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна. Их хурлын анхдугаар чуулганыг яаран хуралдуулах нь шударга бусаар сонгуульд ялсан хүмүүсийн эрхийг баталгаажуулсан алхам болно.

Ерөнхийлөгч зарлигаа УИХ-д суудалтай болсон намуудын удирдлагуудтай урьдчилан санал солилцолгүй гэнэт яаран гаргасанд харамсч байна. Тийм учраас нэгдүгээрт, манай намаас нэр дэвшиж сонгогдсон УИХ-ын гишүүд гадаад дотоодод томилолтоор ажиллаж байгаа тул анхдугаар чуулганд оролцох боломжгүй байна. Хоёрдугаарт, Ерөнхийлөгчийн өөрийнх нь өнөөдөр санал болгоод байгаа зөвшилцөл УИХ-д суудал авсан намуудын хооронд явагдаагүй зэргээс шалтгаалж анхдугаар чуулган нь УИХ, Засгийн газрыг хуулийн дагуу байгуулах бололцоогүй, хямралт байдлыг улам гүнзгийрүүлэх үйл ажиллагаа болно хэмээн болгоомжилж байна.

Одоогийн УИХ хаалтын хуралдаанаа хийж бүрэн эрхийн хугацаандаа явуулсан үйл ажиллагаагаа ард иргэд, сонгогчиддоо тайлагнаж, төрийн эрх мэдлээ шинэ бүрэлдэхүүнд шилжүүлэх ёстой гэж үзэж байна. Энэ нь Монголын төрт ёсны уламжлалд бүрэн нийцнэ. Шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш болсон удаа дараагийн сонгуулийн дараа шинээр бүрэлдэн бий болж байсан УИХ-ын бүрэн эрх долдугаар сарын хоёрдугаар хагаст шинээр сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр эхэлж байсан билээ.

Энэ байдлаас үндэслэн анхдугаар чуулганы хуралдаанд МАХН-аас нэр дэвшин сонгогдсон гишүүд оролцох боломжгүй байгаагаа мэдэгдэж байна. Бидний энэхүү байр суурь шударга ёсонд нийцэж байгаа бөгөөд ард иргэд маань ч ойлгож дэмжинэ гэдэгт итгэж байна. МАХН ямагт шударга ёсны төлөө байсан, цаашид ч байх болно” гэжээ.