УИХ-ын сонгуулийн 59 дүгээр тойргийн 18 дугаар хэсэгт дахин санал хураалт боллоо /2004-07-19/

A- A A+
УИХ-ын сонгуулийн 59 дүгээр тойргийн 18 дугаар хэсэгт дахин санал хураалт боллоо /2004-07-19/

УИХ-ын сонгуулийн 59 дүгээр тойргийн 18 дугаар хэсэгт дахин санал хураалт боллоо /2004-07-19/

Нийслэлийн захиргааны хэргийн шүүх өнгөрсөн баасан гаригт хуралдаж, УИХ-ын сонгуулийн 59 дүгээр тойргийн 18 дугаар хэсэгт дахин санал хураалт явуулахаар шийдвэрлэсэний дагуу энэ сарын 17-нд дахин санал хураалт болсон байна.

Дахин санал хураалтын урьдчилсан дүнгээр нийт 2355 хүн саналаа өгснөөс МАХН-аас нэр дэвшигч Ж.Гүррагчаа 1770 санал, “Эх орон-Ардчилал” эвслээс нэр дэвшигч С.Отгонбаяр 526 санал авсан байна гэж “Зууны мэдээ” сонин мэдээлжээ.

УИХ-ын сонгуулийн 59 дүгээр тойргийн хорооны 18 дугаар хэсгийн сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэнгийн өгүүлснээр тус хэсгийн сонгогчдын жагсаалтад нийт 5173 хүн бичигдсэн байна. Харин 44 хүнээс явуулын хайрцгаар санал авсан ажээ. Сонгуулийн Хэсгийн хорооны дарга Р.Оюунбадамын танилцуулснаар хэсгийн хорооны 13 гишүүний хоёр нь МАХН-ынх, хоёр нь БНН, МУНН-ын гишүүн, бусад нь нам бус юм байна.

Дахин санал хураалтыг МАХН, МҮЭНН, БНН, МУНН-ын ажиглагчид ажигласан байна. Харин “Эх орон –Ардчилал” эвслийнхэн ажиглагч оролцуулаагүй бөгөөд дахин санал хураалтыг давж заалдах боломж олголгүй шууд зарласан хэмээн үзэж эсэргүүцэл илэрхийлэн дахин санал хураалт болох байрны өмнө цуглаан зохион байгуулав.

Цуглаанд оролцогсод сонгогчдыг санал авах байранд оруулахгүй байснаас нэлээд зөрчилдөөн үүсч Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн цагдаа нар ирж зохицуулалт хийсэн ажээ. Үдээс хойш байдал намжиж, санал хураалт хэвийн явагдсаар оройн 22 цагт санал авах ажиллагааг албан ёсоор зогсоолоо. Хайрцаг задлахын өмнө намуудын ажиглагчдаас асуухад санал хураалт хуулийн дагуу явагдсан хэмээн хариуллаа гэж “Өнөөдөр” сонин мэдээлсэн байна.

Түүнчлэн “санал тоолох үеэр телевиз, сонины сурвалжлагчид, АНУ-ын элчин сайдын яамны ажилтан, Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн Монгол дахь салбарын захирал Ж.Пепсель, “Франс Пресс” агентлагийн сурвалжлагч нар байв. АНУ-ын ЭСЯ-ны нарийн бичгийн дарга Поимерсон саналын хйарцгийг нээхэд дэргэд нь байна хэмээн хэсгийн хорооны гишүүдийн ажлыг нэлээд хүндрүүлсэн. Удтал ойлгуулсны эцэст тэрээр сурвалжлагчдын дэргэд ирсэн” хэмээн “Зууны мэдээ” сонин даваа гаригийн дугаартаа өгүүлсэн байна.

Санал хураалтын эцсийн дүнг одоогоор мэдээлээгүй байгаа бөгөөд урьдчилсан дүнгээр МАХН-аас нэр дэвшигч Ж.Гүррагчаа ялсан ажээ. Уг санал хураалтыг тойрсон маргаан үргэлжилж магадгүй юм.