Эвслийн зөвшилцөх төлөөлөл тодорхой бус байна гэж МАХН-ын зөвшилцөх хэсгийн ахлагч үзэж байна (2004.07.22)
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, тус намаас томилогдсон зөвшилцөх ажлын хэсгийн ахлагч Д.Идэвхтэн “Зууны мэдээ” сонинд /¹171/ өгсөн ярилцлагадаа ингэж хэлсэн байна. Тэрбээр ярихдаа, МАХН зөвшилцөл хийх ажлын хэсгийг намын дарга болон Удирдах зөвлөлийн шийдвэрээр байгуулж, намын бага хурлаас энэ шийдрэийг дэмжсэн. Мөн манай намаас УИХ-д сонгогдсон гишүүд зөвшилцөх эрхтэй. Зөвшилцөл манай намын дүрэм болон хууль эрх зүйн хүрээнд явагдаж байгаа. Харин “Эх орон-Ардчилал” эвслийг хэн төлөөлж зөвшилцөлд орох нь тодорхойгүй байна. Зөвшилцөл хийх хүн нь эвслийг бүрэн төлөөлж чаддаг байх нь чухал гэж хэлсэн байна.
Түүний үзэж байгаагаар Эвсэлд орсон намуудын дүрмийн агуулгаар бол Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо, МАШСН-ын Бага чуулган, ИЗ-БНН-ын Үндэсний хорооны хамтарсан хуралдааны шийдвэр нь эвслийнхний хүлээн зөвшөөрөгдөх шийдвэр байх юм байна. Тус эвслийн гэрээ, дүрэмд ингэж заасан атал энэ байгууллага хуралдаж амжаагүй байгаа гэж Д.Идэвхтэн ярьсан байна.
Зөвшилцөх олон асуудлын нэг нь Засгийн газрыг хэрхэн бүрдүүлэх тухай асуудал юм. Засгийн газрыг УИХ-ын шийдвэрээр, нам эвслийн зөвшилцлөөр байгуулна гэж тэрбээр үзэж байна.