МАХН УИХ-ын даргад Н.Энхбаярыг санал болгожээ (2004.07.27)
УИХ-ын сонгуулиар парламентад одоогоор олон суудал буюу 36 суудал аваад байгаа МАХН УИХ-ын даргад өөрийн намын дарга Н.Энхбаярыг санал болгосон байна. Тус намаас сонгогдсон УИХ-ын гишүүд энэ тухай албан бичгээ “Эх орон-Ардчилал” эвслийн удирдлагад хүргүүлжээ.
“Эх орон-Ардчилал” эвсэл МАХН-ын энэ хүсэлтийг хүлээн авч буй эсэх, эсвэл өөр хүнийг санал болгож байгаа эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Эвслээс УИХ-д сонгогдсон гишүүд одоо хүртэл ямар нэг шийдвэрийг албан ёсоор гаргаж мэдээлээгүй бөгөөд тэд энэ асуудлаар хуралдаж байгаа бололтой.
Зөвшилцөл амжилттай эхэлсэн. Энэ бол тун хариуцлагатай асуудал учраас намууд их болгоомжтой хандаж байгаа төдийгүй тодорхой цаг хугацаа шаардана гэж МАХН-ын дарга Н.Энхбаяр, “Эх орон-Ардчилал” эвслийн ерөнхий менежер М.Энхсайхан нар сэтгүүлчдэд өчигдөр мэдээлэл хийхдээ мэдэгдсэн байна. Харин ч харьцангуй хурдацтай явж байна гэж М.Энхсайхан онцолсон байна.