МАХН аливаа зөвшилцлийг хуулийн хүрээнд явуулна гэж онцолжээ (2007.07.28)
МАХН-аас "Эх орон-Ардчилал" эвсэлд нэгэн албан бичиг хүргүүлжээ. Дөрвөн заалт бүхий уг албан бичигт дараахь зүйлийг санал болгосон байна.
Нэгд, аливаа зөвшилцлийг хуулийн хүрээнд явуулах, хоёрт, УИХ-ын даргад нэр дэвшүүлж сонгохдоо Үндсэн хуулийн 26 дугаар зүйлийг баримтлах, гуравт, Ерөнхий сайдыг томилохдоо намууд хуулийн хүрээнд зөвшилцөх, дөрөвт, УИХ-ын анхдугаар чуулганаар хэлэлцэх бусад асуудлыг зөвшилцөхдөө БНН-ын төлөөлөл болон бие дааж сонгогдсон гурван гишүүнийг оролцуулах тухай дурджээ. Үндсэн хуулийн 26 дугаар зүйлд "УИХ-д аль ч нам олонхи болоогүй тохиолдолд хамгийн олон суудалтай нам бусад нам, эвсэлтэй зөвшилцөн нэр дэвшүүлнэ" гэж заасан байдаг. Мөн Ерөнхийлөгчөөс Ерөнхий сайдыг томилуулахаар УИХ-д оруулах тухай яг ийм утгатай заалт Үндсэн хуулийн 33 дугаар зүйлд байдгийг тус нам үндэслэл болгож буй бололтой. МАХН зөвшилцлийг хуулийн хүрээнд хийнэ гээд бие даагчдыг зөвшилцөлд оролцуулах талаар дурдсан байна. Хуульд зөвшилцлийг УИХ-д суудал авсан нам, эвсэлтэй гэснээс бус бие даагчидтай гэж заагаагүй гэж зарим эх сурвалж үзэж байна.