Зөвшилцлөө шуурхайлахыг хуралдаан даргалагч санууллаа (2004.07.29)
УИХ-ын чуулган өчигдөр хуралдсангүй. "Эх орон-Ардчилал" эвслийн ерөнхий менежер М.Энхсайхан хурал даргалагчаас 15 цаг хүртэл завсарлага хүссэн байна. Ингээд МАХН болон эвслийн гишүүд тус тусдаа хуралджээ. Үдээс хойш 15 цаг болоход УИХ-ын гишүүн, МАХН-ын зөвшилцлийн ажлын хэсгийн ахлагч Д.Идэвхтэн мөн завсарлага хүссэнээр чуулганыг өнөөдрийн 10 цагт хуралдуулахаар тогтсон байна. Хуралдаан даргалагч Д.Дэмбэрэл зөвшилцлөө хуулийн хүрээнд, шуурхай явуулахыг нам, эвслээс хүссэн байна.
УИХ-ын гишүүн, "Эх орон-Ардчилал" эвслийн ерөнхий менежер М.Энхсайхан хэлэхдээ, зөвшилцөл үргэлжилж одоогоор эцсийн үр дүнд хүрээгүй байна. "Эх орон-Ардчилал" эвслийн МАХН-тай хийж буй зөвшилцлийг улс төрийн гацаа гэж нэрлэж болохгүй" гэж мэдэгдсэн бол УИХ-ын гишүүн, МАХН-ын зөвшилцлийн ажлын хэсгийн ахлагч Д.Идэвхтэн “МАХН УИХ-д хамгийн олон суудал авсан гэдэг байр сууринаас зөвшилцөлд хандаж байна. Хамгийн гол нь зөвшилцлийн аргаар байгуулсан УИХ, Засгийн газар тогтвортой, үр бүтээлтэй ажиллах ёстой. Зөвшилцлийн эцсийн үр дүн гарах хугацаа ойртож байна” гэж мэдэгдсэн ажээ. Ийнхүү намуудын зөвшилцлөөс шалтгаалан чуулган хоёр хоног завсарлаад байна.