УИХ-ын гишүүд СЕХ-нд шаардлага хүргүүлэв (2004.07.30)
УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойрогт болсон сонгуулийн дүнгийн тухай "Эх орон-Ардчилал" эвслээс сонгогдсон УИХ-ын гишүүд СЕХ-ны дарга Ж.Ядамсүрэнд өчигдөр шаардлага хүргүүлжээ. Уг шаардлагад:
УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойрогт нэр дэвшигч З.Энхболд нийт сонгогчийн 50,13 хувийн санал авч ялалт байгуулсан билээ. Үүнийг баталгаажуулсан тухай тойргийн хорооны 2004 оны 24/01 тоот тогтоол гаргаж, нэр дэвшигч З.Энхболдыг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, түр үнэмлэх гардуулсан. Гэтэл танай хороо дээрх тогтоолыг хүчингүй болгосон тул Нийслэлийн захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхээс "СЕХ-ны 2004 оны 38 тоот тогтоолыг хууль бус гэж үзэж, хүчингүй болгох тухай" 04 тоот шийдвэрийг 2004 оны долдугаар сарын 9-ний өдөр гаргасан. Эл шийдвэр хүчинтэй хэвээр байгаа бөгөөд шийдвэр гарснаас хойш нэр дэвшигч З.Энхболдын УИХ-д сонгогдсон тухай мэдээллийг Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтган, нийтэд мэдээлэх хангалттай хугацаа өнгөрсөн боловч өнөөг хүртэл танай хороо шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байна. Нэгэнт шүүхийн шийдвэр гарсан байхад түүнийг зөвшөөрөхгүй гэсэн нэр дэвшигч Д.Сугарын гомдлыг хүлээн авч хэлэлцэхээр СЕХ-ны хурлын тов гаргасныг бид шүүхийн шийдвэр, Сонгуулийн хуулийг үл тоомсорлосон хэрэг гэж үзэж байна гэжээ.
"Эх орон-Ардчилал" эвслээс УИХ-д сонгогдсон гишүүд З.Энхболдын УИХ-ын гишүүнээр сонгогдсон тухай мэдээллийг хууль тогтоомжид заасны дагуу Төрийн тэргүүн, төрийн эрх барих дээд байгууллагад оруулахгүй байгаа учир шалтгаан, хууль зүйн үндэслэлээ тайлбарлах, түүний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай саналаа ирүүлэхийг шаардсан байна.
СЕХ цаашид төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг зөрчсөн үйл ажиллагаа явуулсан тохиолдолд холбогдох хуулийн дагуу Сонгуулийн ерөнхий хорооны асуудлыг УИХ-аас байгуулагддаг байгууллагынх нь хувьд УИХ-д оруулж хэлэлцүүлнэ гэж “Эх орон–Ардчилал” эвслээс УИХ-д сонгогдсон гишүүд мэдэгдсэн байна.