Засгийн газрын нэгдсэн хөтөлбөр боловсруулахаар хамтарсан ажлын хэсэг байгуулах санал илгээв (2004.07.30)
"Эх орон-Ардчилал" эвслээс УИХ-д сонгогдсон гишүүд өчигдөр хуралдан Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулахтай холбогдуулан нэгдсэн хөтөлбөр боловсруулах хамтарсан ажлын хэсгийг хоёр талаасаа тэнцүү тооны төлөөлөлтэйгээр байгуулах санал гаргасныг Ардчилсан намын дарга М.Энхсайхан, Эх орон-МАСШН-ын дарга Б.Эрдэнэбат, ИЗ-БНН-ын дарга С.Оюун нар гарын үсэг зуран баталгаажуулж МАХН-ын Удирдах зөвлөлд хүргүүлсэн байна.
Мөн өдөр "Эх орон-Ардчилал" эвслээс УИХ-д сонгогдсон гишүүд Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн одоогийн байдал, үнэ ханшны өөрчлөлт, 2004 оны төсвийн гүйцэтгэлийн явц ба 2005 оны төсөв зохиох ажил хэрхэн явагдаж байгаа талаар мэдээлэл авахыг хүссэн тул өөрийн биеэр хүрэлцэн ирж мэдээлэл өгөх хүсэлт гаргажээ.
Уг хурал өнөөдөр 17.30 цагт Төрийн ордны "Г" танхимд болох юм байна.