Анхдугаар чуулганы хуралдааныг дахин хойшлуулав (2004.07.30)
Шинэ парламентын анхдугаар чуулганы хуралдаан өчигдөр дахин завсарлав. УИХ-ын гишүүн М.Энхсайхан хурал даргалагч Д.Дэмбэрэлд завсарлага хүсэх болсон шалтгаанаа тайлбарлахдаа, "Эх орон-Ардчилал" эвсэл болон МАХН-ын хооронд зөвшилцөл үргэлжилж байна. Одоогоор эцсийн тохиролцоонд хүрээгүй байна. Иймд чуулганыг завсарлуулах хүсэлт гаргаж байна. Энэ бол МАХН, "Эх орон-Ардчилал" эвслийн хамтын шийдвэр юм гэж мэдэгдсэн байна. Хурал даргалагч, УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл хэлэхдээ, зөвшилцөх үйл явц амаргүй гэдгийг ойлгож байна. Гэхдээ талууд үр дүнд хүрэхийн тулд хүчин чармайлтаа нэмэгдүүлэх хэрэгтэй, ингэнэ гэж найдаж байна гэжээ.
УИХ-ын анхдугаар чуулганыг өнөөдөр 10 цагт үргэлжлүүлэхээр товлосон байсан ч 11 цагийн байдлаар 14 цаг хүртэл дахин завсарлажээ.