Байнгын хороодыг байгуулахаас өмнө Ерөнхий сайдыг томилдог байжээ (2004.08.02)
УИХ дахь МАХН-ын бүлгийн хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах ажлын хэсгийн зарим гишүүн мэдээлэл хийсэн байна. Зөвшилцлийг урагш ахиулахын тулд МАХН-ын бүлэг өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийхэд бэлэн байгаа гэж Т.Ганди мэдээллийн эхэнд мэдэгдэв.
Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанаас Эвслийн гишүүд мэдээлэл авахаар тавьсан хүсэлтэд хэрхэн хандаж буйг нь тодруулбал, УИХ-ын албан ёсны бүтэц бүрэлдэхүүн бий болсны дараа УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүдэд асуулт тавих, мэдээлэл авах эрх үүсдэг тул энэ номоор ажиллах нь зүйтэй гэж МАХН-ын бүлэг үзжээ.
Тэрчлэн Эвслийн бүлгийг төлөөлж мэдээлэл хийж буй УИХ-ын гишүүн С.Ламбаа сэтгуүлчдэд ярихдаа МАХН-ын бүлэг сүүлийн үед бидэнд ирүүлсэн баримт бичигтээ яамдын бүтцийн асуудлыг зөвшилцлийн хүрээнд нэмж оруулж ирэх санал тавьсан. Энэ нь УИХ-ын даргыг сонгохтой огт холбоогүй асуудал юм гэж үзэж буйгаа хэлсэн юм.
Хамтран байгуулах Засгийн газрынхаа мөрийн хөтөлбөрийг юуны түрүүнд боловсруулах ажлын хэсгийг хоёр талаасаа тэнцүү төлөөлөлтэй байгуулья гэсэн эвслийн саналд МАХН-ын бүлэг ямар байр суурьтай хандаж буй талаар сэтгүүлчдийн асуултад хариулахдаа, эвслийн Засгийн газрын нь хөтөлбөр хэрэгжих боломжтой, улс орон, ард түмэнд өгөөжтэй байгаасай гэдэгтэй бид санал нэг байна. Гэхдээ сонгуульд оролцохдоо нам, эвслээс дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрүүдийг судлах, дүгнэх цэгнэх шаардлагатай. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг боловсруулах ажлыг Засгийн газраа байгуулсаны дараа эхлэх ёстой гэлээ.
УИХ-ын гишүүн Т.Очирхүүгийн хэлснээр УИХ-ын дарга, дэд даргын асуудлыг шийдэж, нам, эвслийн бүлгүүдийг албан ёсны болгочихоод Байнгын хороодыг байгуулахаасаа өмнө Ерөнхий сайдын асуудлыг ярьдаг юм байна. Засгийн газрын бүтцийг тодорхой болгосны дараа Байнгын хороодыг байгуулдаг нь Засгийн газартаа хяналт тавьдаг учраас Байнгын хороод нь түүний бүтэцтэй уялдаатай байх шаардлагатай аж.