СЕХ-ны дарга Ж.Ядамсүрэн шаардах бичгийн хариуг өгөв (2004.08.02)

A- A A+
СЕХ-ны дарга Ж.Ядамсүрэн шаардах бичгийн хариуг өгөв (2004.08.02)

СЕХ-ны дарга Ж.Ядамсүрэн шаардах бичгийн хариуг өгөв (2004.08.02)

СЕХ-ны дарга Ж.Ядамсүрэн УИХ-ын гишүүн С.Баярцогтод шаардах бичгийн хариуг ирүүлжээ. Үүнд:

"Эх орон-Ардчилал" эвслээс УИХ-д сонгогдсон зарим гишүүдийг төлөөлж гарын үсэг зурж Таны ирүүлсэн шаардлагатай танилцлаа.

УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойрогт явагдсан сонгуулийн маргаан үргэлжилж байна. Ямар ч баримт нотолгоонд тулгуурлахгүйгээр сонгуулийн төв байгууллагын шийдвэрийг хүчингүй болгосон Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг хүлээн авсан билээ. Та бүхэн энэхүү шийдвэртэй сайтар танилцсан гэдэгт би итгэлтэй байна. Нэр дэвшигч Д.Сугар шүүхийн шийдвэрийг хүлээн авч тус шүүхийн шийдвэрт заасны дагуу манай Хороонд хандан гомдол гаргасан юм.

СЕХ 2004 оны долдугаар сарын 7-нд Монгол Улсын Ерөнхийлөгчид дүнг нь айлтгасан сонгуулийн 74 тойргийн асуудалтай холбоотой маргааныг түүнээс хойш хүлээн авахгүй, хэрэв маргаан байвал хууль хяналтын байгууллагад тавьж шийдвэрлүүлж болохыг нийтэд тов тодорхой мэдэгдсэн билээ. Харин маргаан нь шийдвэрлэгдээгүй байгаа тойргийн асуудлыг хуульд заасан өөрийн бүрэн эрхэд хамааруулж авч үзэх болно. Сонгуулийн хууль тогтоомж ноцтой зөрчигдсөн хэмээн үзэж Хороонд нэр дэвшигч хандаж байхад уг гомдлыг үл ойшоон авч үзэхгүйд хүрвэл Монгол Улсын хууль тогтоомжийг гарцаагүй зөрчиж байгаа хэрэг болох билээ.

СЕХ УИХ-ын дэргэдэх байгууллага боловч аль ч намаас нэр дэвшиж сонгогдсон УИХ-ын гишүүдийн дарамтад орж асуудал шийдвэрлэдэг газар биш юм. СЕХ хууль зөрчсөн ямар нэг асуудал байвал Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийн дагуу УИХ-д оруулж хэлэлцүүлэх эрх нь та бүхэнд байгаа.

СЕХ маргаантай бүх асуудлыг шийдвэрлэхдээ зөвхөн хуулийн хүрээнд, хуульд захирагдаж шийдвэрлэж байгаа бөгөөд цаашид ч энэ чиг шугамаа хатуу баримтлах болно.

Хамтын удирдлагаар ажиллаж, хамтын шийдвэр гаргадаг байгууллага болох СЕХ-г тэргүүлж байгаа намайг энэ албан тушаалд зууралдаад суугаа гэж Та бүхэн ойлгож байгаа бол огт тийм биш бөгөөд одоо ч миний бие энэ албан тушаалыг орхиж чөлөөлөгдөхөд бэлэн байгаагаа энэ дашрамд Танд уламжилъя.

Маргаантай асуудал хуулийн дагуу шийдвэрлэгдсэн тэр мөчид СЕХ дүнг нь Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтган мэдүүлэх болно гэжээ.