МАХН-ын бүлэг УИХ-д суудалтай намуудын төлөөлөлтэй санал солилцох нь зүйтэй гэж үзлээ (2004.08.03)

A- A A+
МАХН-ын бүлэг УИХ-д суудалтай намуудын төлөөлөлтэй санал солилцох нь зүйтэй гэж үзлээ (2004.08.03)

МАХН-ын бүлэг УИХ-д суудалтай намуудын төлөөлөлтэй санал солилцох нь зүйтэй гэж үзлээ (2004.08.03)

УИХ дахь МАХН-ын бүлгийн хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах ажлын хэсгийн гишүүд өчигдөр мэдээлэл хийсэн байна.

АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн зөвлөмжийг эвсэлд багтаж байгаа зарим намын дарга сайн ухаараагүй, түүнийг намынхаа холбогдох хүрээнд ярилцаж амжаагүй байгаа, Эвслийг төлөөлж зөвшилцөх эрх бүхий субьект чухам хэн болох нь одооноос эргэлзэхэд хүргэж байгаа, талууд харилцан эсрзг тэсрэг байр суурьтай байгаа хоёр тойргийн асуудлаар эвсэл тулгалт хийх гэж оролдож байгаа зэргээс шалтгаалж УИХ дахь МАХН-ын бүлэг УИХ-д суудалтай намуудын төлөөлөлтэй санал солилцох нь зүйтэй гэж үзсэнийг тэд мэдэгдлээ.
 
УИХ-ын сонгуулийн 24, 59 дүгээр тойргийн маргаантай асуудлуудыг шийдвэрлэх талаар Сонгуулийн ерөнхий хороо эрх бүхий байгууллагын хувьд хуулийн дагуу шийдвэрээ гаргаж, маргаантай асуудлыг аль нэгэн байгууллага, эсхүл албан тушаалтан шийдвэрлэх биш, ард түмэн өөрөө дахин санал хураалтаар эцэслэн хагалах ёстой гэсэн манай намын байр суурь өөрчлөгдөөгүй. Монгол Улсын хуулийн дагуу УИХ-ын даргад МАХН-аас намын дарга Н.Энхбаярын нэрийг дэвшүүлсэн билээ. Зөвшилцөх уулзалтуудын үеэр болон зөвшилцөж байсан талууд харилцан тохиролцож гарын үсэг зурж баталгаажуулсан баримт бичиг дээр хоёр тал УИХ-ын даргад МАХН-аас, Ерөнхий сайдад «Эх орон-Ардчилал» эвслээс нэр дэвшүүлэхэд нэг нэгнийхээ дотоод хэрэгг оролцохгүй байх, нэр дэвшиж гарч ирсэн хүнийг хоёр тал дэмжихээр тохиролцсон билээ. Гэтэл Ардчилсан нам МАХН-ын дарга Н.Энхбаярыг дэмжихгүй гэсэн байр суурь баримталж байгаа нь зөвшилцлийн үед хүрсэн тохиролцооноос буцаж МАХН-ын дотоод хэрэгт хөндлөнгөөс орох, шахалт тулгалт үзүүлэх гэж бүдүүлгээр оролдож байна гэж үзэхээс өөр аргагүй. Бид УИХ-ын даргад МАХН-аас Н.Энхбаярын нэрийг дэвшүүлсэн байр сууринаасаа ухрахгүй бөгөөд манай намын дотоод хэрэгт хөндлөнгөөс орохгүй байхыг анхааруулж байна гэжээ.

Хэдийгээр АН-ын удирдлага зөвшилцлийг мухардмал байдалд оруулсан ч МАХН урьдын адил зөвшилцлийн төлөө байна. Бид зөвшилцлийг мухардмал байдалд оруулсан АН-ын удирдлагын шийдвэрийг даруй хүчингүй болгохыг АН-ын эрүүл саруул сэтгэдэг гишүүдэд хандаж уриалж байна гэсэн байна.

Мэдээллийн төгсгөлд Л.Одончимэд хэлэхдээ, хадлан тариалан, өвөлжилтийн бэлтгэл гэх мэт цаг үеийн ажил цалгардаж, юмны үнэ өсч байгаа нь зөвшилцөл сунжирч буйтай холбоотой мэтээр зарим хэвлэлд бичиж, зарим сэтгүүлч ярих болж байна. Хуучин Засгийн газар ажлаа хийж байна. Ямар ч үед хадлангаа авдаг, өвлийн бэлтгэлээ хангадаг. Энэ чинь манайхны хийсээр ирсэн ажил. Юмны үнэ нэмэгдэж байгаа нь бидэнтэй ер холбоогүй. Ер нь ч зарим нэг бүтээгдэхүүнээс бусдынх нь үнийг төр, засаг мэдэхээ больсоор удаж байгаа. Үүнийг олон түмэнд хэлж өгөөч. Түүнээс гадна эвлэрэл, зөвшилцлийн уур амьсгалыг бий болгоход уриалж, энэ чиглэлд гарч буй ахиц өөрчлөлтийг олны сонорт хүргэхэд хүчин зүтгэхийг сэтгүүлчидэд уриаллаа.