Сонгуулийн ерөнхий хорооноос 24 дүгээр тойрогт дахин санал хураахаар шийдвэрлэв (2004.08.03)

A- A A+
Сонгуулийн ерөнхий хорооноос 24 дүгээр тойрогт дахин санал хураахаар шийдвэрлэв (2004.08.03)

Сонгуулийн ерөнхий хорооноос 24 дүгээр тойрогт дахин санал хураахаар шийдвэрлэв (2004.08.03)

УИХ-ын 24 дүгээр тойрогт МАХН-аас нэр дэвшигч Д.Сугарын гомдлыг хэлэлцэх СЕХ-ны хурал өчигдөр 14 цагаас нээлттэй болов.

Хуралд СЕХ-ны гишүүд 100 хувь ирцтэй байсан бөгөөд гомдол гаргагч Д.Сугар, түүний өмгөөлөгч Б.Долгор, Зоригт, хариуцагчаар 24 дүгээр тойргийн хорооны дарга Ц.Баатар, нарийн бичгийн дарга Мөнхбаяр, 48 дугаар хэсгийн хорооны нарийн бичгийн дарга Эрдэнэбат, гуравдагч этгээдээр "Эх орон-Ардчилал" эвслээс тус тойрогт нэр дэвшигч З.Энхболд, өмгөөлөгч Д.Ганзоригийн хамт оролцлоо.

Хурал эхлэхийн өмнө гуравдагч этгээд З.Энхболд, СЕХ иргэн Д.Сугарын гомдлыг одоо хэлэлцэх ёсгүй. Учир нь Нийслэлийн захиргааны хэргийн шүүх тус тойргийн 48 дугаар хэсэг дахин санал хураах тухай тойргийн хороо, СЕХ-ны шийдвэрийг хүчингүй гэж үзсэн. Үүгээр урьдчилан хянан шийдвэрлэх хугацаа дуусч, цаашид асуудлыг шүүхээр шийдвэрлэх ёстой. Нэгэнт шүүхийн шатанд очсон маргааныг СЕХ дахин шинээр эхлэх нь шүүхийн шийдвэрт халдах гэсэн оролдлого гэж үзэж байна. Нэр дэвшигч Д.Сугарын гомдлыг хянан хэлэлцэх 10 хоног ч өнгөрсөн. СЕХ нэгэнт хуралдвал миний УИХ-ын гишүүний эрхийг баталгаажуулж, Ерөнхийлөгчид нэрийг маань айлтгах талаар хэлэлцэхийг хүсч байна гэв. Д.Сугарын өмгөөлөгч Зоригт шүүхийн шийдвэрээр МАХН, нэр дэвшигч Д.Сугарт СЕХ-нд гомдол гаргах эрхийг нээлттэй орхисон. Ингэхээр Д.Сугарын гомдол хууль ёсны бөгөөд СЕХ-ны хэлэлцэх асуудал мөн гэж тайлбарлав.

СЕХ-ны дарга Ж.Ядамсүрэн, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2004 оны долдугаар сарын 9-ний өдрийн 04 тоот тогтоолын тогтоох хэсгийн хоёр дахь заалтыг үндэслэн СЕХ хуралдах хууль зүйн үндэслэлтэй гэж мэдэгдсэний дагуу хурлыг эхлүүлсэн юм.

Ж.Ядамсүрэн:
- УИХ-ын 24 дүгээр тойргийн 48 дугаар хэсэгт дахин санал хураалт явуулах тухай тойргийн хорооны шийдвэрийг СЕХ дэмжсэн шийдвэр гаргасан. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхээс долдугаар сарын 19-нд шийдвэрээ бичгээр ирүүлсэн. Долдугаар сарын 20-нд Д.Сугарын гомдолд санал тоолох ажиллагаа зургадугаар сарын 28-ны 06 цаг хүртэл саатсан, мөн сонгогчдын нэрсийн жагсаалтад бичигдээгүй 13, иргэний бичиг баримтгүй 41, таван хүн хоёр удаа санал өгсөн, 22.00 цагаас хойш гурван хүн санал өгсөн, 48 дугаар хэсгийн дүнгээс өмнө З.Энхболдоос найман саналаар илүү байсан бол уг хэсгийн дүн ирсний дараа 52 саналаар дутуу болсон тухай дурдсаныг танилцуулав.

СЕХ-ны гишүүн Р.Бурмаа гомдол гаргагч талаас эдгээрийг нотлохыг хүслээ. Гомдол гаргагч Д.Сугарын өмгөөлөгчид явуулын хайрцгаар санал авах хүмүүсээс бүрэн авалгүй, суурин хайрцагт санал өгөх ёстой сонгогчдоос явуулын хайрцгаар авсан байсныг баримтаар ярьж, регистрийн дугааргүй 41 сонгогчоор санал өгүүлсэн нэрсийн жагсаалтын нэг хувийг СЕХ-ны гишүүдэд үзүүллээ. Хуралд оролцсон 48 дугаар хэсгийн хорооны дарга Эрдэнэбатын мэдүүлснээр Тарагт сумын 48 дугаар хэсэгт суурин нэг, явуулын хоёр хайрцгаар санал авчээ. Суурин хайрцгийн хувьд зөрчил багатай, явуулын хоёр хайрцгаас гол будлиан үүссэн аж.

Д.Сугарын өмгөөлөгч Б.Долгор, бид шүүхийн шийдвэрийг хүндэтгээгүй биш, харин ч хүндэтгэн үзэж, дээд шатны шүүхэд давж заалдах, СЕХ-нд хандах хоёр сонголтоос СЕХ-нд хандахаар сонгосон тухайгаа тайлбарлав. Гуравдагч этгээд З.Энхболд хурлын эхэнд ажиглагчаар оролцохоо мэдэгдсэн ч хурлын явцад хуралд оролцох болсон юм. Тэрээр санал хураалтын явц, будлианы талаар цуглуулсан нотлох баримтаа СЕХ-ны гишүүдэд мөн өгсөн.

Ийнхүү хурлын нээлттэй хэсэг дуусч, СЕХ-ны гишүүд үргэлжлүүлэн хэлэлцээд 22 цагийн үед дараахь шийдвэрийг гаргав. УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойргийн хорооны зургадугаар сарын 29-ний санал авалтын дүнгийн тухай тогтоолыг хүчингүй болгожээ. Түүнчилэн тус тойргийн 48 дугаар хэсэгт дахин санал хураалтыг УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу явуулахыг тус тойргийн хороонд үүрэг болгсон байна.