Эх орон-Ардчилал" эвслээс сонгогдсон гишүүд мэдэгдэл гаргажээ (2004.08.04)
Эх орон-Ардчилал" эвслээс сонгогдсон гишүүд мэдэгдэл гаргажээ.
Уг мэдэгдэлд, Сонгуулийн ерөнхий хороо 2004 оны наймдугаар сарын 2-ны өдрийн 42 тоот тогтоол гаргаж, УИХ-ын 24 дүгээр тойргийн 48 дугаар хэсэг дээр дахин санал хураалт явуулах шийдвэр гаргасан нь шүүхийн эрх мэдлийг булаан авч, Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, ард түмний нэгэнт хийсэн улс төрийн сонголтыг өөрчлөх гэсэн санаархал болж байна. Ийм балмад үйлдлийг өмнө нь УИХ-ын 59 дүгээр тойрогт МАХН хийснээ давтах гэж байгааг эрс эсэргүүцэж байна.
Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр нь урдаас бэлтгэгдсэн, эрх баригчдын заавраар хийсэн өдөөн хатгалга бөгөөд эрх баригчид нэг гараараа зөвшилцөл хийх дүр эсгэж, нөгөө гараараа ард түмний хийсэн сонголтод засвар хийх гэсэн халдлагаа үргэлжлүүлж байгаа нь МАХН, "Эх орон-Ардчилал" эвсэлтэй үнэн сэтгэлээсээ хамтран төр, засгаа зөвшилцлөөр байгуулах хүсэлгүй байгаагийн нотолгоо болж байна.
Сонгуулийн ерөнхий хорооны гаргасан дээрх шийдвэр нь УИХ-ын чуулганы хуралдааныг үргэлжүүлэн явуулах бололцоогүй болгож байна.
Зургадугаар сарын 27-нд ард түмний хийсэн сонголтыг хүлээн зөвшөөрөхөөс улс төрийн хүчнүүдийн цаашдын хамтын ажиллагаа эхлэх болно гэдгийг "Эх орон-Ардчилал" эвслээс сонгогдсон гишүүд хариуцлагатай мэдэгдэж байна" гэжээ.