"Эх орон-Ардчилал" эвсэл хурал хаяв (2004.08.04)
"Эх орон-Ардчилал" эвслээс сонгогдсон гишүүд өчигдөр үдээс өмнө УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойргийн 48 дугаар хэсэгт дахин санал хураалт явуулахаар шийдвэрлэсэн Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг хууль зөрчсөн үйлдэл хэмээн үзэж мэдэгдэл гарган улмаар хурал хаях нь зүйтэй гэсэн шийдэлд хүрсэн юм.
Гишүүн М.Энхсайхан "Эх орон-Ардчилал" эвслээс сонгогдсон гишүүд бий болсон нөхцөл байдлыг байнга ярилцаж байгааг хэлээд "Нөхцөл цаг цагаар өөрчлөгдөж байна. СЕХ-оос 24 дүгээр тойргийн 48 дугаар хэсэгт дахин санал хураахаар шийдвэр гаргажээ. Энэ нь шүүхийн эрхийг булаан авсан шийдвэр боллоо. СЕХ МАХН-ын гар хөл болсон нь ил байна. МАХН нэг гараараа "Эх орон-Ардчилал" эвсэлтэй зөвшилцөл хийе гээд нөгөө гараараа ард түмний сонголтод засвар хийхийг оролдож байна. Энэ нөхцөл байдлаас хуралдааныг үргэлжлүүлэх боломжгүй боллоо" гэсний дараа эвслийн гишүүд чуулганы танхимыг орхин гарлаа.
УИХ-ын Дэгийн тухай хуульд хурал хаях тухайгаа нам, эвслийн бүлэг урьдчилан мэдэгдэж шалтгаан, хурал орхих хугацаагаа хэлэх ёстой гэсэн заалт байдаг аж. Хурал ямар хугацаагаар хаясан нь тодорхойгүй тул зөвшилцөж буй хоёр талын удирдлагад хамтарч уулзан хурал хаясны цаад шалтгааныг тодруулах үүргийг хурал даргалагч өгөөд хуралдааныг өнөөдрийн 11.00 цаг хүртэл завсарлууллаа.