МАХН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд мэдэгдэл гаргажээ (2004.08.05)

A- A A+
МАХН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд мэдэгдэл гаргажээ (2004.08.05)

МАХН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд мэдэгдэл гаргажээ (2004.08.05)

МАХН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд,

2004 оны зургадугаар сарын 27-ны өдөр явагдсан УИХ-ын сонгуулийн дараа буй болсон улс төрийн нөхцөл байдалд МАХН бодитой дүгнэлт хийж, улс төрийн зөвшилцлийг эхлүүлэх санаачилга гаргасан билээ. “Эх орон-Ардчилал" эвсэл мөн адил зөвшилцөх саналыг илэрхийлж хоёр тал ихээхэн хүчин чармайлт гарган ажилласнаар олон чухал асуудлаар ойлголцон, энэ оны долдугаар сарын 30-нд зөвшилцлийн баримт бичгүүдийг тохирон гарын үсэг зурж ёсчлоход бэлэн болгоод байсан юм. Эдгээр тохиролцсон асуудлын дотор УИХ-ын даргад МАХН-аас, Монгол Улсын Ерөнхий сайдад "Эх орон-Ардчилал" эвслээс нэр дэвшигчдийг тухайн нам, эвслийн дотоод хэрэгт оролцолгүй хамтран дэмжих, Засгийн газрыг хамтран байгуулах, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгах зорилтуудыг тодорхойлох ажлын хэсгийг хоёр талдаа гарган ажиллуулж, санал дүгнэлтээ нэгтгэх, Израиль улсад эвслийн Засгийн газар байгуулсан туршлагыг газар дээр нь судлах төлөөлөгчдийг томилон ажиллуулах ээрэг нэн чухал зүйлс багтаж байсан юм. Гэтэл 2004 оны долдугаар сарын 31-нд “Эх орон-Ардчилал" эвслийн зөвхөн нэг бүрэлдэхүүн хэсэг болох Ардчилсан намын гүйцэтгэх зөвлөл гэнэт дангаараа хуралдан зөвлөмж гаргаж, асар их хүч, цаг хугацаа зарж бий болсон зөвшилцлийг тасалдуулсан хариуцлагагүй алхам хийлээ. Энэ явдалд УИХ-д МАХН-аас нэр дэвшиж сонгогдсон гишүүд туйлаас харамсч, зөвшилцлийг цаашид үргэлжлүүлэхийг болон урд өмнө хуулийн дагуу тохиролцсон ажлаа хэрэгжүүлэхийг санал болгосон юм.

"Эх орон-Ардчилал" эвслээс сонгогдсон УИХ-ын гишүүд 2004 оны наймдугаар сарын 3-ны өдөр бас нэг шалтаг олж мэдэгдэл гаргаж, УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойрогт дахин санал хураалт явуулах СЕХ-ны шийдвэр гарсантай холбогдуулан УИХ-ын Чуулганы хуралдаанд оролцохгүйгээ илэрхийлсэн нь төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагааг хууль зөрчин тасалдуулахад хүргэсэн, СЕХ-ны дотоод хэрэгт бүдүүлгээр оролцсон, хууль бус үйлдэл боллоо. УИХ-ын анхдугаар чуулганы хэлэлцэх асуудалд холбогдолгуй олон зүйлээр барьцаалж хуралдааныг тасалдуулж байгаагаа зогсоохыг шаардаж байна. Зөвшилцлийг тасалдуулж байгаагаас бий болж болзошгүй аливаа сөрөг үр дагаврын хариуцлагыг Ардчилсан намын удирдлага дангаараа хариуцах ёстойг мэдэгдэж байна.

Улс үндэстнийхээ эрх ашгийг дээдэлж, ард олныхоо итгэл найдварыг биелүүлж, төр улсаа төвхнүүлэх ажилд хариуцлагатай хандаж, зөвшилцөж ажиллахыг УИХ-д сонгогдон үйл ажилагаагаа явуулж буй бүх субъектэд хандан уриалж байна. Ард түмэн ч үүнийг шаардаж хүсэн хүлээж байгааг анхааруулж байна гэж өгүүлжээ.